🔴Б.Баярбаатар: "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

AI хөрвүүлсэн
🔴Б.Баярбаатар: "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Монгол Улс мансууруулах бодис хэрэглэгч улс болсныг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар мэдэгдэж, холбогдох хууль тогтоомжийн шинэчлэл болон УИХ-аас ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: 

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль анх 2002 онд батлагдаж байх үед улсын хэмжээнд жилд энэ төрлийн хоёрхон гэмт хэрэг бүртгэгдэн шийдвэрлэгдэж байсан. Зөвхөн оны эхний найман сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 365 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 206 тохиолдлоор өссөн үзүүлэлт. 

Өнөөдрийн байдлаар хилийн чанадад нийт 41 иргэн ял эдэлж байгаагаас БНХАУ-д 34, БНТУ-д гурав, ХБНГУ-д хоёр, БНСУ-д нэг, Япон улсад нэг иргэн ял эдэлж байна.

Энэ асуудал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэнд, язгуур эрх ашигт хор уршиг учруулж байгаа учраас төрийн бодлого, байгууллагуудын уялдаа холбоо, эрх зүйн орчны хэрэгжилтийг нээлттэй авч үзэх зайлшгүй шаардлагатай. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.12, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.2, Хяналт шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсгийг тус тус үндэслэн "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг гаргасан. Саналыг УИХ-ын 68 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Сонсголын тов аравдугаар сарын 7-ны өдөр гарсан. 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг байгуулагдсан. Хууль батлагдсанаас хойш 24 жилийн дараа шинэчилсэн найруулга орж ирж буй учраас энэ намрын чуулганаар яаралтай батлах шаардлагатай. 

Манай хөрш орнуудад энэ чиглэлийн ялын бодлого маш хатуу байдаг. Манай улсыг ялын бодлого сул байна гэж шүүмжилдэг. Гэхдээ өсвөр насныхан гэнэн томоогүй, бусдыг дуурайх байдлаар хэрэглэгч болсон тохиолдолд хойч үедээ хатуу ял шийтгэл оноох уу, эсвэл хор хөнөөлийг нь эмчлэх, урьдчилан сэргийлэх арга зүйг хөгжүүлэх үү гэдгийг хоёр талаас нь харах ёстой. Өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ чиглэлээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа ч тэнд эмчлүүлсэн иргэдийн 70-аас дээш хувь нь дахин хандаж байгаа нь эмчилгээ үр дүнгүй байгааг харуулж байна. 

Монгол Улс Замын-Үүд, Алтанбулаг, "Чингис хаан" олон улсын нисэх буудал зэрэг цөөн боомттой тул хил дээрх тоног төхөөрөмж харьцангуй боломжийн түвшинд ажиллаж байгаа. Гэвч хилээр нэвтрүүлэх арга нарийсч, тухайлбал Гаалийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр цахилгаан тамхины шингэн (вейп), кофе болон фитнессийн уураг зэрэгт мансууруулах бодис шингээн оруулж ирж буй тохиолдлууд бүртгэгдсэн. 

Мансууруулах бодис тээвэрлэх, зуучлах, орон байраар хангах зэрэг үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх бус Эрүүгийн хуульд шилжүүлэн хариуцлага тооцуулах зайлшгүй шаардлага байгаа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.