🔴Л.Энх-Амгалан: Би уучлалт гуйхгүй, ард түмний эрх ашгаас давсан улс төр гэж байхгүй

AI хөрвүүлсэн
🔴Л.Энх-Амгалан: Би уучлалт гуйхгүй, ард түмний эрх ашгаас давсан улс төр гэж байхгүй

Ажлаа хийсэн хүмүүсийг төрийн хуйвалдагчид болгон зарласан Л.Энх-Амгалан сайд уучлалт гуйж, залруулга тайлбар хийх ёстой хэмээн УИХ-ын гишүүд шаардаж байна. Үүнд Л.Энх-Амгалан сайд "ямар нэгэн байдлаар хэн нэгнийг гүтгэж доромжлоогүй, хулгай хийсэн зүйл огт байхгүй учраас би уучлалт гуйхгүй" хэмээн мэдэгдлээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан: 

-Би уучлалт гуйхгүй. Би ямар нэгэн байдлаар хэн нэгнийг гүтгэж доромжлоогүй, хулгай хийсэн зүйл огт байхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Өнөөдөр бид бие биедээ туньж гомдож, гоншигнож суух цаг биш. УИХ-ын үйл ажиллагааг бойкотлон ард түмний эрх ашгаас илүү улс төр хийх, уучлал нэхэх явдал байж таарахгүй.

Хүүхдүүдийг гэрт нь ойрхон сургуульд сургах ажлыг таслан зогсоох үйлдлүүд гарч байна. Ажил тасалсан хүн цалингаа хасуулдаг, наад зах нь ажлаасаа халагддаг. Тэгвэл өнөөдөр чуулганы танхимдаа суухгүй байгаа гишүүд ард түмнээсээ уучлалт гуйх ёстой. 

УИХ-аар төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай. Ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэх, ипотекийн оочир дугаарыг бууруулах, өвлийн бэлтгэл хүрээнд мах, бензин, гурилын нөөц бүрдүүлэх цаг хугацаа минутаар хэмжигдэж байгаа энэ үед төрийн ажлыг гацаахгүй байхыг уриалмаар байна. 

50 тэрбум төгрөгийг хулгайлах гэж байсан мэтээр миний нэр төрд халдлаа. Өнгөрсөн долоо хоногт би батлагдаагүй төсөв, байхгүй мөнгөн дээр муур хулгана болж тоглохоо больё гэж хэлсэн. Энэ асуудлаар АТГ болон Цагдаагийн ерөнхий газарт хандаж шалгуулах хүсэлтээ аль хэдийн өгсөн. Бор тээгийн хулгай, боловсролын хувьсах зардал хоёр бол тэнгэр газар, өдөр шөнө шиг ялгаатай. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өөрийнхөө бүрэн эрхээс татгалзаад шалгуулах ёстой. 

50 тэрбум төгрөгийн төсөв нь нийслэлд 38 сургууль гурван ээлжид шилжих бодит эрсдэл тулгараад байгаа учраас үүнийг шийдвэрлэхэд зарцуулагдана. Мөн хувийн хэвшлийн сургуулиудад 80 мянга, цэцэрлэгүүдэд 30 мянга буюу нийт 110 мянган хүүхэд суралцаж, төрөөс ачаалал үүрэлцэж байна. Хэрэв эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоовол 200 мянган эцэг эхийн асуудал үүсэж, төрийн нуруун дээр асар их зардал ирнэ.

Нийслэлээс гаргасан 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 21 хотхоны бага сургуульд өнөөдөр 9,800 хүүхэд суралцаж байна. Мөн ирэх сард 10 мянган хүүхэд сургах төрөлжсөн ахлах сургуулиудын бэлтгэл хангагдаж байна. Хан-Уул дүүрэгт байрлах сургуулийг Хятадын сургуульд мөнгө өгөх гэж байна гэж гуйвуулсан. Тэр нь монгол эзэнтэй, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль. 

Хувьсах зардал бол 1998 оноос хойш 30 орчим жил тогтвортой хэрэгжиж ирсэн хууль ёсны тогтолцоо. Хувьсах зардлаар хүүхдүүд төрийн ч бай, хувийн ч бай сурах эрхээ эдэлдэг. Төр хувийн сургууль, цэцэрлэг, коллежуудын хувьсах зардал болон Боловсролын зээлийн сангаас бүтэн, хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын төлбөрийг шилжүүлдэг хуультай. АН-ын бүлгээс Н.Учралын хамаарал бүхий сургуулиудад гурван жилийн хугацаанд 8.8 тэрбум төгрөг олгосон гэж улс төр хийж байна гэв. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 долоо хоног, 5 өдөр
Бор тээг Ухаа худаг хоёр бол тэнгэр газар шүү дээ
Иргэн 1 долоо хоног, 3 өдөр
Монголчууд казакуудыг, эрлийзүүдийг, Монгол улс дахь Оросуудыг ба Хятадуудыг хорлож улмаар АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг. АНУ нь бусад улсад үймээн самуун дэгдээж, зэр зэвсгийн наймаагаа хийдэг юм.