Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд дөрвөн жил зургаан сар хорих ял шийтгэлээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд дөрвөн жил зургаан сар хорих ял шийтгэлээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, олны анхааралд өртсөн.

Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хийсэн, гэр бүлийн хамааралтай хүн, хүүхдийг байнга зодож, хэрцгий хандсан, догшин авирласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөшгөсөн гэм буруутайд тооцоод байв.

Өөрөөр хэлбэл, 2024 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2025 оны долоодугаар сард эхнэрээ хянах зорилгоор түүний ашиглаж байсан тээврийн хэрэгсэлд байршил тогтоох зориулалт бүхий GPS төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн, 16 настай хүүгээ мөн онд гурван удаа зодож, гэрээсээ хөөх зэргээр гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон гэж үзсэн. Харин эхнэр Н-ыг 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2016, 2019, 2020 онд байнга зодсон гэх үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.

Гэмт хэргийн улмаас Н-ын сэтгэцэд IV, насанд хүрээгүй хохирогчид III зэрэглэлийн хохирол учирсан гэж шүүх тогтоож, нийт 43 сая 560 мянган төгрөг Б.Эрдэнэсүхээс гаргуулан олгуулахаар шийдвэрлэсэн билээ. Улмаар Б.Эрдэнэсүх болон түүний өмгөөлөгч нар хохирол төлбөр төлөхийн тулд тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авч, эрүүгийн хариуцлага оноох хурлыг өчигдөр хийхээр товлосон.

Ингээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Баатар даргалан үргэлжлүүлэн хийгээд Б.Эрдэнэсүхийн гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт оноосон ялуудыг нэмж нэгтгэн нээлттэй дэглэмд дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорихоор шийдвэрлээд өчигдрөөс эхлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Odnoo 1 долоо хоног, 2 өдөр
Zuw.odoo i ngej ger bvlee zowoodog hvmvvs uursduu hariutslagaa vvreg .zunduu hvn bgaa daa
ичинхорлоо 1 долоо хоног, 1 өдөр
мөнгөө төлөхөө больсон юмуу