🔴Д.Даваабаяр: Нөхцөл байдал амаргүй байгаа үед шатахууныг зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэх шаардлага тулгарч байна
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлттэй холбоотой үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах Шуурхай штаб хуралдаж, улсын хэмжээний шатахууны хангамж, нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) Газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр дараах мэдээллийг өглөө.
АМГТГ-ын Газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр:
-Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа шатахууны нийт хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг. Өнөөдрийн байдлаар импорт болон төмөр замын тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.
2026 оны есдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 57,300 тонн АИ-92 автобензин, 188,500 тонн дизель түлш, 11,000 тонн онгоцны түлш буюу нийтдээ 257,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн, шатахуун импортоор орж ирээд байна. Мөн есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар төмөр замаар тээвэрлэгдэж буй АИ-92 автобензиний хэмжээ 140 вагон буюу 8,400 тонн байгаагаас 49 вагон буюу 2,900 тонныг нь өртөөний агуулахуудад хүлээн авч, буулгалтыг хийж байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар АИ-92 автобензин 12,500 тонн буюу ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй, АИ-95 автобензин 14 хоногийн нөөцтэй, дизель түлш: 85,600 тонн буюу 21 хоногийн нөөцтэй, онгоцны түлш 4,670 тонн буюу 23 хоногийн нөөцтэй байна.
Есдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын 168 ШТС руу 1,848 тонн, орон нутгийн 78 ШТС руу 1,002 тонн АИ-92 бензиний ачилтыг хийж ажилласан.
ОХУ-аас гадна БНХАУ-аас 5,000 тонн АИ-92 автобензин нийлүүлэгдэн Замын-Үүд өртөөн дээр шилжүүлэн ачилт хийгдэж, Улаанбаатар хотод эхнээсээ орж ирэн ШТС-уудаар борлуулагдаж эхлээд байна. БНХАУ-аас шатахуун импортлоход нарийн болон өргөн царигийн ялгаатай холбоотойгоор вагон хооронд шилжүүлэн ачих ажиллагаа хийгддэг тул тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулагддаг.
ОХУ-аас цистерн вагоны олдоц хомс байснаас шалтгаалан сүүлийн гурав хоногт харьцангуй бага хэмжээний ачилт хийгдсэн хэдий ч төмөр замаар орж ирсэн вагонуудыг шуурхай буулгаж, ШТС-уудад түгээх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Одоогийн байдлаар “УБТЗ” ХНН-ийн сүлжээнд 1,200 орчим вагон байгаа нь төмөр зам дээр ачаалал үүсгэсэн.
Улсын хэмжээнд 1,600 орчим, Улаанбаатар хотод 260 гаруй ШТС үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв улсын хэмжээний 1,600 ШТС-д тус бүр 10 тонн шатахуун түгээнэ гэвэл 16,000 тонн, нийслэлийн 260 шатахуун түгээх станцад тус бүр багадаа 10 тонноор өдөрт хүргэнэ гэж тооцвол өдөрт 2,600 тонн АИ-92 бензин шаардлагатай.
Одоогийн байдлаар нөөц хараахан хангалттай хуримтлагдаж амжаагүй байгаатай холбоотойгоор төмөр замаар буусан бүтээгдэхүүнийг агуулахад хураалгүй, ШТС-ууд руу ачиж байна. Өмнө нь агуулахуудад тодорхой нөөц бүрдсэн үед ШТС-уудын үлдэгдэл, борлуулалтын хурдыг харгалзан төлөвлөгөөтэй, цаг хугацааны хувьд оновчтой хуваарилалт хийх боломжтой байсан. Харин одоо вагоноос шууд буулгаж түгээж байгаа тул зарим ШТС дээр шатахууны тасалдал үүсэх, хүргэгдсэн шатахуун хурдан дуусаж дараалал үүсэх нөхцөл бий болоод байна.
Дэлхий нийтэд ч газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, ложистикийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед импортын шатахууныг зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэх шаардлага тулгараад байна.
Ирэх сард манай улсын хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэх захиалгыг баталгаажуулахаар ажиллаж байна. Иймд иргэд худал ташаа мэдээлэлд автахгүй, хүлээцтэй хандаж, хэрэгцээнээсээ илүү нөөцлөхгүйгээр өдөр тутмын хэрэгцээндээ тохируулан авахыг уриалж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.