🔴Ж.Энхбаяр: ХАА-н зээлүүд очих ёстой үндэсний үйлдвэрлэгчид нартаа очсон. Энэ сэдвийг улс төржүүлж болохгүй

AI хөрвүүлсэн
🔴Ж.Энхбаяр: ХАА-н зээлүүд очих ёстой үндэсний үйлдвэрлэгчид нартаа очсон. Энэ сэдвийг улс төржүүлж болохгүй

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогын хэрэгжилт болон сүүлийн үед өрнөж буй УИХ-ын хяналтын сонсголтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр: 

-2025 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн 60 хувийг хөдөө аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн салбар анх удаа дангаараа хангалаа. Салбарын нийт экспорт түүхэндээ анх удаа нэг тэрбум ам.долларт хүрч байна.

Мэргэжлийн бус улстөрчид салбарын бодит асуудлыг улстөржүүлэн ярьж байгаа нь туйлын учир дутагдалтай байна."Хүнсний хувьсгал" хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлэх шаардлага үүссэн бэ гэвэл "Ковид-19" цар тахлын үед Монгол Улс хүнсний хомстолд орж эхэлсэн. Хөл хорио дахин ганцхан улирал үргэлжилсэн бол манай улс картын бараанд орохоос аргагүй хүнд нөхцөл байдал үүссэн байсан. Тиймээс бид дотооддоо нэн тэргүүний 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн үйлдвэрлэх стратегийн зорилт тавьж, амжилттай хэрэгжүүлсэн. Энэ бодлогыг бодит ажил болгосон үндэсний үйлдвэрлэгчдээрээ бахархах ёстой. 

Дотоодын үндэсний үйлдвэрлэлээ хөл дээр нь босгож байж бид хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангаа өөд нь татах учиртай гэдгийг өнгөрсөн 30 жилийн алдаа онооны дүнд ойлгож авсан. Түүхэндээ анх удаа Засгийн газар болон салбарын сайд нь зээл олголтод огт оролцоогүй. Намайг сайдаар ажиллаж байх хугацаанд нэг ч зээлийн шийдвэрт гарын үсэг зураагүй. Бүх эх үүсвэр, бодлогын шалгуурыг арилжааны банкуудад шилжүүлсэн. Банкууд зээлийн хариуцлага, эрсдэлээ өөрсдөө бүрэн хариуцаж ажилласан нь хамгийн шударга, ил тод зарчим байсан юм. 

УИХ-аас гурилын импортын татварыг чөлөөлөх зэрэг дотоодын үйлдвэрлэл, газар тариаланд цохилт өгсөн хууль тогтоомж гарч саад болж байсан ч бид бүгдийг даван туулсан. Өнөөдөр Монгол Улс ард иргэдээ бүтэн хоёр жил хангах улаан буудайгаа хурааж аваад байна. Гэтэл ид бүтээн байгуулалт, бодлогын ажлынх нь үеэр сонсгол нэртэй улс төрийн шоу зохион байгуулж байгаа нь харамсалтай. 

УИХ-ын гишүүд "Манай Өмнөговь аймагт газар тариалангийн зээл өгсөнгүй" гэж ярьж байна лээ. Газар тариалангийн бүс нутаг биш газарт өгөхгүй нь ойлгомжтой шүү дээ. Бид газар тариалангийнхаа гол бүс нутгийг, салбартаа тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн шалгагдсан арваад аж үйлдвэрийн компаниудаа л дэмжсэн. 

Энэ бодлогын эхний бодит үр дүнгүүд дөнгөж гарч эхэлж байна. Үүнийг улам тууштай үргэлжлүүлэх ёстой. Үндэсний үйлдвэрлэл сэргээд хөл дээрээ босоод ирэхээр л зориуд гутаан харлуулдаг явдал анх удаа болж байгаа юм биш. Би энэ парламентад 20 шахам жил суухдаа ийм ээлжит зохиолуудыг олон харсан. Тиймээс дурын улстөрчид мэргэжлийн салбарыг харлуулах биш, УИХ-ын дэргэдэх аудитын байгууллага дүгнэлтээ гаргаж, эрдэмтэд, салбарын баялаг бүтээгчид үгээ хэлэх ёстой. Алдаа оноо байвал засаж залруулаад явах учиртай. Би сайдаар ажиллахдаа нэг ч төгрөгийн зээл дур мэдэн олгоогүй, бүх үйл явц арилжааны банкуудын хариуцлага дор шударга, ил тод хэрэгжсэн гэдэгтээ бүрэн итгэлтэй байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.