🔴Д.Энхтуяа: Ахмад настны их сургууль байгуулах шаардлагатай. Ахмадууд суралцах эрхтэй
Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтуяа сүүлийн үед ахмадууд өөрсдийн эрх ашиг, нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо идэвхтэй өргөж байгаад талархалтай буйгаа дурдаад, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар бодит тооцоо судалгаа хийснээ танилцуулав.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Ахмадууд маань сүүлийн тав, зургаан сарын турш тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох хөдөлгөөнд нэгдээд байна. Миний хувьд УИХ-ын гишүүний хувиар ахмадуудаа энгийн, хангалуун амьдруулахын тулд суурь тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох ёстой гэж анх шүгэл үлээж, асуудал дэвшүүлсэн. Энэ бол хоосон яриа биш, бүрэн боломжтой зүйл.
Судалгаагаар, төсөвт нүүрсний болон төрөл бүрийн сангуудын хулгайгаар алдагдсан хөрөнгө мөнгийг эргүүлэн төвлөрүүлж, 2026 оны төсөв дээр дөрвөн их наяд төгрөг тусгаж чадвал нийт 1.5 сая ахмадын суурь тэтгэмжийг хамгийн багадаа 1.5 сая төгрөг болгох боломж бүрдэнэ. Энэ тооцоо, судалгаа бүхий албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлсэн.
Төсөвт суурь тэтгэврийг 300 мянган төгрөгөөр нэмэх тодотгол орж ирж байгаа нь тэтгэврийг нэг сая төгрөгт хүргэх төдий алхам. Харин Ардчилсан ахмадын холбооноос суурь тэтгэврийг хоёр сая, зарим тэмцэж буй ахмадууд 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж байна. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх нь зөв. Бидний хувьд төсвийн нарийн судалгаан дээр үндэслэн 1.5 сая төгрөг болгох бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
1924 онд анх асрамжийн газрыг өнчин ядуусыг тэтгэх зорилгоор байгуулж байсан бол одоо энэ ойлголт өөрчлөгдсөн. Ахмадуудад зөвхөн халамж биш, нийгмийн хамгаалал, хөгжих дэвших, суралцах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох эрх хэрэгтэй байна. Тэтгэвэрт гарсан ч ахмадууд хамт олноороо сурч боловсрох, туршлагаа бусадтайгаа хуваалцах Ахмад настны их сургууль зэрэг тогтолцоог бодлогоор дэмжих ёстой.
Хувийн хэвшлийн ААН-үүдийг ахмад настны асрах үйлчилгээний салбарт өргөнөөр татан оролцуулахын тулд татварын хөнгөлөлт үзүүлэх, газрыг үнэ төлбөргүй олгох, хөнгөлөлттэй зээл тусламжаар дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Ахмад настны асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг УИХ дэмжсэн, энэ намрын чуулганаар эцэслэн батална гэдэгт итгэлтэй байна.
Ахмадууд маань тэтгэврийн зээлийнхээ үлдэгдэл болох 100-200 мянган төгрөгөөр л амьдарч байна. Бензин шатахууны хомсдол, үнийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн дарамтаас үүдэн ард түмний бухимдал туйлдаа хүрсэн. Эрх баригч МАН хоёр хуваагдан дотооддоо тэмцэлдэж байх хооронд ард түмний амьдрал доройтлоо. МАН сүүлийн 10 жил төр барихдаа Монгол Улсыг авлигын индексээр дэлхийн 180 орноос 126 дугаарт ортлоо ухрахад хүргэсэн. Иймд ард иргэд үзэл бодлоо илэрхийлж, шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо өргөх нь зүй ёсны хэрэг гэв.
Сэтгэгдэл (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.