О.Цогтгэрэл: С.Зориг агсны хэргээр шаардлагатай бол УИХ-ын нээлттэй сонсгол хийх асуудлыг судалж байна

AI хөрвүүлсэн
О.Цогтгэрэл: С.Зориг агсны хэргээр шаардлагатай бол УИХ-ын нээлттэй сонсгол хийх асуудлыг судалж байна

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсан бусдын гарт амиа алдаад 28 жил өнгөрчээ. Өнөөдөр түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслол болж байна. Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл энэ хэрэгт шаардлагатай бол УИХ-ын нээлттэй сонсгол хийх асуудлыг судалж байгааг мэдээллээ. 

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: 

-С.Зориг агсны хэрэг гарснаас хойш өнөөдөр 28 жил өнгөрч байна. Харамсалтай нь, энэ хугацаанд асуудал ердөө л улс төрийн ашиг хонжоо хайдаг, улс төрчид бие биенээ буруутгадаг арга хэрэгсэл төдий болж хувирсанд харамсаж байна. АН-ын зүгээс энэ асуудлыг нээлттэй болгох ёстой, шаардлагатай бол УИХ-ын сонсгол зохион байгуулах ёстой гэдэг байр суурийг судалж байна. Мэдээж мөрдөн байцаалтын явц зэрэг хууль зүйн зарим асуудал бий ч 28 жил өнгөрсөн учраас энэ асуудлыг аль болох нээлттэй ярих ёстой. 

Мөн шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байсан иргэнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хоёр ч удаа орон сууц олгосон гэх мэдээлэллийг хэвлэлээс харлаа. Монгол Улсын гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн этгээдийн асуудал дээр ийм зүйл яригдаж байгаа нь харамсалтай. Хуулийн процессыг шууд буруутгах нь зохистой эсэхийг сайн мэдэхгүй ч гурван шатны шүүхээс буруутай гэж үзсэн нь цаанаа ортой, үндэслэлтэй зүйл байсан байх гэж бодож байна. 

АН-аас С.Зориг агсны хэрэг дээр ажлын хэсэг байгуулан, зохион байгуулалтад ороод ажиллаж байна. Цаашид УИХ-д хууль эрх зүйн хүрээнд нээлттэй сонсгол явуулах асуудлыг судалж, зарим зүйлийг нарийвчлан тодруулахаар ажиллаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.