🔴Г.Дамдинням: Энэ удаагийн шатахууны шок ойрын өдрүүдэд намжина
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангалт, нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаанд хийсэн ажлаа танилцуулсны дараа үүсээд буй нөхцөл байдалд хүлээцтэй хандаж буй нийт иргэдэд талархал илэрхийлэв.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:
-Дэлхий даяар шатахууны нийлүүлэлтэд хүндрэл үүссэн нөхцөл байдалтай байна. Монгол Улсын ердийн хэрэглээнд сард 75 мянган тонн АИ-92 автобензин шаардагддаг. Гэвч наймдугаар сард 54 мянган тонн, есдүгээр сард 62 мянган тонн шатахуун импортолсон нь хэрэглээнээс дутаж, нийлүүлэлтийн гаралтай шок үргэлжилж байна. Ачилт бага зэрэг саарахад л дотоодод хомстол үүсэж байгаа.
Хоёр хоногийн өмнө ОХУ түлш, шатахууны экспортын мэдээллээ нууцлах Ерөнхийлөгчийн зарлиг гаргасан. Манай улсын нийт шатахуун импортын 97 хувийг дангаараа нийлүүлдэг ОХУ-д 34 том нефть боловсруулах үйлдвэр байдгаас 24 нь нэгээс дээш удаа дроны халдлагад өртсөн хүнд нөхцөлтэй байна.
Энэ сарын хувьд БНХАУ-аас авах хэмжээгээ нэмэгдүүлж, 78 мянган тонныг авахаар гэрээлсэн. Нийлүүлэлт, ачилтын хуваарийн дагуу нөхцөл байдал харьцангуй тайван өнгөрөх хүлээлттэй байгаа.
Нийслэлд энгийн үед өдөрт 1000 тонн АИ-92 бензин хэрэглэдэг байсан. Одоо 1700-1800 тонныг нийлүүлээд ч эрэлт намжихгүй байна. Гэхдээ энэ удаагийн шок ойрын өдрүүдэд намжина. Харин дараа сард дэлхийн зах зээл дээр юу болох нь тодорхойгүй байна. АНУ дизель түлшнийхээ экспортыг хориглосон бол БНХАУ өчигдөр нефтийн бүх төрлийн бүтээгдэхүүний экспортод хориг тавилаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн "2.5 тэрбум ам.доллар дээр эзэн суусан, монопол компаниуд бий" гэх мэдэгдэл хийсэн. Сөрөг хүчний гишүүд улс төр хийх нь ойлгомжтой. Гэхдээ 2.5 тэрбум долларыг хэн нэгэн халаасалсан зүйл байхгүй, энэ бол шатахуун худалдан авахад төлөгдөж буй төлбөр. Манайд импортын тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй компани байдгаас бодитоор 14 компани л тогтмол оруулж ирж чаддаг. Засгийн газраас иргэд, ААН-үүдийг тав, 10, 20 литр болон нэг тонноор хөрш орноос чөлөөтэй оруулах боломжийг нээж өгсөн. Харин 'Роснефть', 'Газпром нефть', 'Петрочайна' компаниуд бүтээгдэхүүнээ хэнд нийлүүлэхээ өөрсдөө шийддэг. Засгийн газар шатахууны худалдаанд оролцдоггүй.
Хэрэв намайг эсвэл Засгийн газрыг огцруулаад дэлхийн дайн зогсож, нийлүүлэлт шууд хэвийн болдог бол өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Бид сүүлийн 30 жил орхигдсон шатахууны нөөцийн савны асуудал, 20 жил шийдэгдээгүй газрын тосны маргааныг шийдэж, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан олон эх үүсвэртэй болох бодит ажлуудыг хийж байна гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.