🔴Ж.Золжаргал: 324 мянган ахмад, 278 мянган оюутны хувьцааг эргүүлэн олгох шаардлагатай
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал төсвийн тодотгол болон "Эрдэнэс Тавантолгой" (ЭТТ) ХК-ийн 1072 хувьцааны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр Монгол Улсын төсвийн тодотголтой хамт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг зах зээлийн арилжаанд оруулах хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлт орж ирж буйг онцлов. Гэвч уг өөрчлөлтийг хийхээс өмнө төрийн зүгээс хийсэн төөрөгдүүлсэн мэдээлэл, үйл ажиллагааны улмаас хувьцаагаа буцаан өгсөн иргэдийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Өнгөрсөн хугацаанд төрийн зүгээс "Хувь хишиг хүртээнэ" гэх төөрөгдүүлсэн нэрээр 300 гаруй мянган ахмадын 1072 хувьцааг буцаан авсан. Мөн дараа нь "Сайн хувьцаа" хөтөлбөрөөр иргэд хувьцааныхаа тодорхой хэсгийг улсад зарсан. Төрөөс орлого багатай, эмзэг бүлгийн иргэдэд "Хувьцаагаа зарах уу?" гэж асуух биш, "Хувь хишиг хүртэх үү? Хүртэх бол хувьцаагаа өг" хэмээн төөрөгдүүлэн авсан нь Иргэний хуулийн 58 дугаар заалтад нийцэхгүй, төөрөгдүүлсэн үйлдэл юм. Үүний уршгаар 324 мянган ахмад настан, 278 мянган оюутан хувьцаанаасаа салсан байна.
УИХ-ын завсарлагааны хугацаанд иргэдтэй уулзахад мэдээллийн дутмаг байдал болон төрийн төөрөгдүүлсэн бодлогын улмаас хувьцаагүй болсон иргэдээс маш их гомдол, хүсэлт ирсэн. Хувьцааг арилжаанд оруулахаас өмнө тэдгээр иргэдэд хувьцааг нь эргүүлэн олгох ёстой.
УИХ-аас 2010 онд баталсан 39 дүгээр тогтоолд ЭТТ компанийн 50 хүртэлх хувийг олон нийтэд эзэмшүүлэх тухай заасан байдаг. Үүнээс 20 хувийг иргэдэд, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд, үлдсэн 20 хувийг дотоод болон гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалж хөрөнгө босгох ёстой байсан ч өнөөдрийн байдлаар иргэдэд 20 хувь, аж ахуйн нэгжүүдэд 1.6 хувь буюу нийт 26 орчим хувийг л олгоод байна. Үлдсэн 24 хувьд ногдох шийдвэр хэрэгжээгүй байгаа тул Засгийн газар уг тогтоолыг биелүүлэх үүрэгтэй.
Иргэдийн гар дээрх хувьцааг яаран арилжаанд оруулж, хоригийг нь цуцлах хэрэггүй. Харин 39 дүгээр тогтоолд заасан төрийн эзэмшлийн 20 хувийг бирж дээр тав, 10 хувиар үе шаттай гаргаж, зах зээлд үнийн шок үүсгэхгүйгээр хөрөнгө босгох ёстой.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2019–2025 оны хооронд нийт есөн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд шаардлагатай болон шаардлагагүй төмөр зам, үйлдвэрүүдийн зардал багтсан байна. Энэ хугацаанд иргэдэд 2.4 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь нэг өрхөд дунджаар 1–2 сая төгрөг ногдож буй дүн юм. Хэрэв үр ашиггүй зардлаа танавал ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Үндэсний аудитын газрын нийцлийн тайлангаас дурдахад:
- Шахмал түлшинд 1.7 их наяд төгрөг,
- "Эрдэнэс Монгол" компанид менежментийн төлбөрт 200 тэрбум төгрөг,
- Нийгмийн хариуцлагын хүрээнд 59 тэрбум төгрөг тус тус үр ашиггүй зарцуулагдсан,
- Баялгийн сан руу орох ёстой байсан 3.7 их наяд төгрөгийг өр хэлбэрээр бүртгэж, өөр төслүүдэд зориулсан байна гэв.
Сэтгэгдэл (18)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.