🔴Б.Бат-Эрдэнэ: Аливаа сонсгол хэн нэгний тодрох тавцан, хэн нэгнийг гүтгэх тайз байж болохгүй

AI хөрвүүлсэн
🔴Б.Бат-Эрдэнэ: Аливаа сонсгол хэн нэгний тодрох тавцан, хэн нэгнийг гүтгэх тайз байж болохгүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008–2025 онуудад олгогдсон зээл, хөнгөлөлттэй зээл, дэмжлэг, урамшууллын асуудлаар зохион байгуулагдсан Ерөнхий сонсголын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

-ХХААХҮ-ийн салбарын ерөнхий сонсголд шаардсан баримтын 63 хувийг ирүүлээгүй учраас амжилтгүй болсон гэж дүгнэж байна. Учир нь шинжээчдийн зүгээс шаардсан нийт баримт материалын 63 хувийг зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлээгүй байна. Иймд өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандухайд албан ёсоор мэдээлэл гаргуулах, хариуцлагын асуудал авч үзэх тухай албан тоотыг хүргүүлж байна.

Аливаа сонсгол нь хэн нэгний тодрох тавцан, эсвэл хэн нэгнийг гүтгэх тайз байж болохгүй. Энэ сонсголыг эцсийн үр дүнд хүртэл явуулах ёстой. Хянан шалгах түр хороо байгуулагдаж, өнгөрсөн хугацааны зургаан их наяд төгрөгтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх ёстой. 

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, зээлийн хүүгийн татаасын хүрээнд яамнаас ирүүлсэн баримтын бүрдэл хэмээн шинжээчдийн тараасан албан ёсны жагсаалт бий. Үүнээс харахад салбарын сайдын тушаал, талуудын байгуулсан гэрээ, холбогдох дүрэм журам, эрх зүйн баримт бичгүүд ирсэн эсэх ангиллаар дүгнэхэд нийт шаардлагатай материалын 63 хувь нь ирээгүй. 

Тухайлбал:

  • Махны үнийн хөнгөлөлт, урамшуулал, нөөцийн мах, нөөцийн махны бэлтгэлтэй холбоотой сайдын тушаал байгаа ч талуудын хооронд байгуулсан гэрээ, холбогдох дүрэм журам нь байхгүй;
  • Улаан буудайн урамшууллын 2008 оны арга хэмжээний баримт байхгүй;
  • Хонины болон тэмээний ноосны урамшууллын гэрээ байхгүй;
  • Арьс ширний урамшууллын гэрээ байхгүй;
  • Түүхий сүүний урамшууллын гэрээ байхгүй;
  • Ноолуурын урамшууллын гэрээ байхгүй;
  • Хүнсний ногооны урамшууллын гэрээ мөн байхгүй байна.

Төр урамшуулал олгохдоо гэрээ байгуулахгүйгээр олгоод байсан юм уу? Ямар албан тушаалтан, хууль эрх зүйн ямар үндэслэлээр гэрээгүйгээр олгосон бэ гэдэг асуудал үүснэ. 

УИХ-ын тухай хуулийн 7.5 дахь хэсэгт УИХ хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шаардсан мэдээлэл, тооцоо, судалгаа, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан нуун дарагдуулахыг хориглосон байдаг. Ерөнхий хяналтын сонсгол нь өөрөө УИХ-ын хяналт шалгалтын нэг хэлбэр мөн. Түүнчлэн худал мэдээлэл өгсөн, бодит мэдээллийг нуун дарагдуулсан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөх тусгай зохицуулалт бий. 2025 оны долоодугаар сарын 9-ний өдрийн нэмэлтээр Төрийн албаны тухай хуулийн 32.8-д зааснаар УИХ-ын тухай хуулийн 21.28, 21.30-д заасан асуудлаар худал мэдээлэл өгсөн, бодит мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдээлэл хүргүүлсэн нь тогтоогдвол буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тусгасан байдаг гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.