🔴О.Цогтгэрэл: АН хэзээ ч төрийн тогтвортой байдлын эсрэг байр сууриа илэрхийлэхгүй

AI хөрвүүлсэн
🔴О.Цогтгэрэл: АН хэзээ ч төрийн тогтвортой байдлын эсрэг байр сууриа илэрхийлэхгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн тулгамдсан асуудлуудаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр улсын төсөв, цалин тэтгэврийн нэмэгдэл, Засгийн газарт тавьж буй шаардлага болон намын дотоод зохион байгуулалтын талаар мэдээллээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-АН-ын бүлгийн зүгээс иргэдийнхээ орлогыг хамгаалах, бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлд байнга байр сууриа илэрхийлж ирсэн. Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг дээр ч цалин, тэтгэврийн нэмэгдлийг бодитоор нэмэх ёстой гэсэн байр суурийг хатуу баримталж байна. Гэхдээ "үрэлгэн төсвөө хас" гэдэг шаардлагыг бид удаа дараа илэрхийлсэн. 

Ерөнхий сайдын хувьд бүрэн эрхийн асуудлаа оруулж ирэхгүй ч байж болох хуулийн зохицуулалттай. Засгийн газрыг огцруулах асуудлын тухайд, Ерөнхий сайдын зүгээс албан ёсны мэдээлэлдээ АН-ын тавьж байгаа шаардлагуудыг хүлээж авч байна гэж ойлгосон. 

Засгийн газрыг огцруулах нь дараа дараагийн эрсдэлийг бий болгоно гэх мэт янз бүрийн таамаг, ээлжит бус сонгуулийн тухай яриа гарч байна. АН-ын зүгээс төрийн тогтвортой байдлын эсрэг хэзээ ч байр суурь илэрхийлж байгаагүй. Монгол төрийн тогтвортой байдал гэдэгт төрийн эрх барих дээд байгууллага буюу парламент орно. Засгийн газар өөрчлөгдөх, солигдох, хариуцлага тооцогдох асуудал бол парламентын засаглалтай аль ч оронд байдаг хэвийн үзэгдэл. 

АН-ын үндсэн шаардлагыг үе шаттайгаар тайлбарлавал, нэгдүгээрт, цэргийн албанд ардын хүүхдийн амь нас үнэгүй байгаа асуудалд Батлан хамгаалахын сайдтай хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлага тавьсан. Үүнд хариу ирээгүй тул Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох ёстой гэдэг шаардлагыг дараагийн шатанд тавьсан. Энэ процесс ийм байдлаар үргэлжилж байна. 

АН-ын бүлгийн гишүүд уулзаж ярилцахдаа улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавихаар тохирсон. 11 дүгээр сарын 1-нээс нэмэгдэх цалин, тэтгэврийн асуудал бол АН-аас 2014 оноос хойш санаачлан ярьж ирсэн олон давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь юм. Ахмадууд анх удаа суурь тэтгэврийг гар дээрээ авах гэж байна. Энэхүү мөрийн хөтөлбөр биелж байгаа учраас АН-ын бүлэг маш хариуцлагатай оролцож, энэ санаачилгыг 100 хувь дэмжин хуралдаануудад сууна. Гагцхүү бид төрийн мөнгөөр онгоц хөлслөн олуулаа намын гадаад, дотоод томилолт хийдэг үрэлгэн байдлыг дэмжихгүй. 

Би бүлгийн даргын асуудлыг шилжүүлэх саналаа бүлэг дотроо удаа дараа ярьж ирсэн боловч гишүүд түр хойшлуулах санал тавьдаг. Тун ойрын хугацаанд, бүлгийн аль нэг ээлжит хурал дээр гишүүдийнхээ цаг зав, оролцоог сайн хангаж байгаад бүлгийн даргаа шилжүүлэх саналыг албан ёсоор тавина. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нь АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой, ялах магадлал өндөртэй кандидат мөн. Гэвч гурван шатны шүүхээс цагаатгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байхад шүүхээр дахин чаргууцалдаж байгаа нь улс төрийн захиалгатай үйл явц гэж бид харж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.