🔴Ц.Идэрбат: Орон нутагт хотоо харлуулж үлдсэн малчдын сэтгэл зүй, амьжиргааг анхаарах ёстой, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ

AI хөрвүүлсэн
🔴Ц.Идэрбат: Орон нутагт хотоо харлуулж үлдсэн малчдын сэтгэл зүй, амьжиргааг анхаарах ёстой, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ
МЭДЭЭГ СОНСОХ
Chimege AI дуу хоолойгоор бэлтгэсэн аудио хувилбар

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат салбарын цаг үеийн нөхцөл байдал, УИХ-ын ерөнхий сонсгол, малын гоц халдварт өвчин болон ургац хураалтын явцын талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: 

-УИХ-ын БОХХАА-н байнгын хорооноос хөдөө аж ахуйн салбарын асуудлаар сонсгол зохион байгуулсан нь сайн хэрэг. Сонсголоор салбарт юу нь болж, юу нь болохгүй байгааг, ямар алдаа гарч, түүнийг хэрхэн засахыг ил тод болгох боломж бүрдэж байна. 

Сонсголын дараа УИХ-ын зарим гишүүд мэдээлэл хийж яамны хувьд хэвлэл мэдээллийнхэнд тоо баримтыг бодитоор судлах боломж олгох үүднээс хүлээцтэй хандсан. Гэвч шинжээчийн дүгнэлт гэдэг бол шүүхийн шийдвэр биш, алдаатай болон оносон зүйлс байж болно. 

"Салбарын бүтээмж буурч, их наядаар хэмжигдэх төсөл хөтөлбөрүүд үр дүнгүй болсон" гэх мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй. 2008 оноос 2024 оны эцэс хүртэлх хугацаанд газар тариалангийн салбарын үйлдвэрлэл 172.7 тэрбум төгрөг байснаас 1.9 их наяд төгрөг болж 11.2 хувиар өссөн. Нийт тариалангийн талбай 202 мянган га байсан бол одоо гурав дахин өсөж, 600 гаруй мянган га-д хүрлээ. Улаан буудайн тариалалт 154 мянган га байсан бол өдгөө 392 мянган га болсон. Хүнсний ногооны тариалалт 6.4 мянган га-гаас 20.2 мянган га болж өссөн. Таримал тэжээлийн талбай 1.5 мянган га-гаас 93.4 мянган га болж нэмэгдсэн байна. Үүний үр дүнд өнөөдөр Монгол Улс төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооныхоо 70 хувийг, улаан буудай, гурилын хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь бүрэн хангаж байна.

Түүнчлэн үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд олгогдсон 2.6 их наяд төгрөгийн зээлийг сайдын гарын үсгээр бус, бүгдийг арилжааны банкаар дамжуулан барьцаа хөрөнгийн үндсэн дээр олгосон. Зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилж байна.

Хөдөө аж ахуйн корпорацын 650 орчим тэрбум төгрөгийн өртэй гэх асуудал нь шинжээч олон жилийн өр, авлагын үлдэгдлийг жил тус бүрээр нь давхардуулан нэмснээс үүссэн тооцооны алдаа болохыг шинжээч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тус корпорац нь 2023 оны 7-р сарын 19-нд Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Мал хамгаалах сангийн өр авлагыг нэгтгэн байгуулагдахдаа 213.9 тэрбум төгрөгийн өртэй байсан бөгөөд сүүлийн гурван жилд 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, одоогоор 140 гаруй тэрбум төгрөгийн авлагатай байна.

Ямааны годрон өвчин нь 1950, 2024 онд хил орчмын бүсэд бүртгэгдэж байсан. "Саятан сүрэг" компаниас иргэдэд худалдсан үржлийн ухнаас уг өвчин тархсан нь тогтоогдсон. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд уг ухнын үүлдрийг тодорхойлуулахад БНХАУ-д үржүүлдэг "Арвас" үүлдрийн ухна болох нь 100 хувь батлагдсан. Энэ үүлдрийн малыг Монгол Улсад импортлох зөвшөөрөл олгогдоогүй тул улсын хилээр хууль бусаар, хорио цээрийн хяналтгүй нэвтрүүлсэн байх өндөр магадлалтай. 

ХХААХҮЯ-наас хууль бусаар хилээр мал оруулж ирсэн, орон нутагт тараасан асуудлыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хандсан. Өнөөдөр хуралдах Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг болон хохирсон малчдад нөхөн олговор олгох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлнэ. Орон нутагт хотоо харлуулж буй малчдын сэтгэл зүй, амьжиргааг нэн тэргүүнд анхаарах ёстой бөгөөд буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ.

Вакцины тухайд, Биокомбинат 50 гаруй жил уг өвчин гараагүй тул 2000 оноос хойш вакцин үйлдвэрлэхээ зогсоосон байсан. Одоо өвчилсөн малын дээжнээс вакцин үйлдвэрлэх судалгаа, туршилтын ажил эхэлсэн, сар гаруйн хугацаанд бэлэн болно. 

Улсын хэмжээнд ургац хураалт ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар төмс хураалт 90 орчим хувь, улаан буудайн хураалт 70 орчим хувьтай үргэлжилж байна. Тариаланчид энэ сарын 8, 9-ний өдрүүдэд болох цаг агаарын хүйтрэлээс урьтаж ургацаа бүрэн хураахаар шамдан ажиллаж байна. Шатахуун, хүн хүчний хувьд ямар нэгэн саад бэрхшээл гараагүй.

Засгийн газраас улсын нөөцөд 100 мянган тонн улаан буудай худалдан авах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Ингэхдээ эхний ээлжид өр авлагатай аж ахуйн нэгжүүдийн өрийг суутган тооцох, цаашид Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан томоохон компани төдийгүй 300 га хүртэлх талбайтай жижиг тариаланчдаас тэгш хувь хэмжээгээр худалдан авах зарчим баримтална гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.