🔴Г.Дамдинням: Бие биедээ уурласнаар шатахуун нэмэгдэхгүй
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр шатахууны зохиомол хомстол үүсгэхгүй байх, иргэд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хүндрэлийг хамтдаа даван туулахыг уриалсан юм.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:
-Одоогоор шатахуун олголтод ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй. Зарим иргэд хомстолтой байгаа байдлыг далимдуулан их хэмжээгээр буюу тонноор нь авч нөөцлөх, цааш нь дамжуулан зарах зэрэг үйлдлүүд гаргаж байгаад харамсаж байна. Энэ хүнд хэцүү үед монголчууд бие биеэ бодож, ухамсраараа бие биедээ боломж олгоод явчих хэрэгтэй байна. Заавал захиргааны арга хэмжээ авхуулах шаардлагагүй.
Есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 65 орчим мянган тонн шатахуун орж ирсэн. Энэ нь сарын хэрэгцээг бүрэн хангахуйц хэмжээ. Орон нутагт хадлан тариалан, ургац хураалтын ажил үргэлжилж байгаа. Улаанбаатар хотод ч эмнэлгийн тусламж, нялх хүүхэдтэй гэр бүл, хувийн бизнес эрхлэгчид гээд шатахууны нэн шаардлагатай хэрэгцээ их байна. Гэтэл зориудаар хомстол үүсгэж, эндээс ашиг олохыг чармайх нь буруу. Зарим ШТС-ын ажилтнууд бүлэг үүсгэн их хэмжээний шатахуун хулгайлсан зэрэг зөрчлүүд ч гарч байна.
Захиргааны арга хэмжээний тухайд, 100 мянган төгрөгөөс дээш торгуультай тээврийн хэрэгсэлд шатахуун олгохгүй байх зэрэг яригдаж байгаа саналуудыг би хэлээгүй. Ажлыг сайжруулах чиглэлээр маш олон төрлийн хүмүүстэй уулзахад гарсан саналуудын л нэг.
ШТС-ын ажилтнуудтай зүй бус харьцаж байгаа иргэд уучлал хүсэхийн зэрэгцээ, хүйтэнд өдөржин зогсож байгаа түгээгчдийг загнаж, дарамтлахгүй баймаар байна. Тэд амьдралаа залгуулах гээд хөдөлмөрлөж буй Монголын ард түмний төлөөлөл, хүний үрс. Бие биедээ уурласнаар шатахуун нэмэгдэхгүй. Тэр өдөржингөө даараад зогсож байгаа охиныг орой барьж авч зодчих гээд хашхичаад байх хэрэггүй.
Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, төрийн хяналтад авсан байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа.
БНХАУ Тогтмол шатахуун авах гэрээ байгуулахаар ажиллаж байна. Урд хилээр жилийн хэрэглээний 60 хувийг хангах техникийн нөхцөлийг бүрдүүлж, дамжин ачих 3 байгууламжийг (1 төрийн, 2 хувийн) ашиглалтад оруулсан. БНСУ Энэ сард 12 мянган тонн шатахуун орж ирэх бөгөөд тогтмол авах гэрээ хэлцэл хийгдэж байна. Сингапур Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Азийн хамгийн том газрын тос боловсруулагч Сингапур улстай гэрээ байгуулахаар ярилцаж байна. Казахстан Тус улс бэлэн бүтээгдэхүүн экспортлох боломжгүй. Харин түүхий тос авч, тээвэрлэлтээ өөрсдөө хариуцах санал ирүүлсэн.
Шатахууныг зориудаар нөөцөлсөн, тонноор нь олгосон зарим ШТС болон аж ахуйн нэгжүүдийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас (ШӨХТГ) 20 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.