🔴Монсудар: Ганцхан сарын дотор хиймэл оюунд даалгавар өгч, яаран сандран хийсэн сурах бичгийг тендерт ялууллаа

AI хөрвүүлсэн
🔴Монсудар: Ганцхан сарын дотор хиймэл оюунд даалгавар өгч, яаран сандран хийсэн сурах бичгийг тендерт ялууллаа

"Монсудар" хэвлэлийн газраас нэгдүгээр ангийн сурах бичгийг сайд, дарга нарт хамаарал бүхий компаниудаар хийлгэж, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хуралд "Монсудар" хэвлэлийн газрын удирдлага, сурах бичиг боловсруулагч, хуульч, уран бүтээлчид болон боловсролын салбарын ахмад багш, эрдэмтэд оролцож, салбарын хэмжээнд нүүрлэсэн тогтолцооны гажуудал, хууль зөрчсөн тендер шалгаруулалт, хиймэл оюунаар яаран боловсруулсан сурах бичгийн чанарын доройтлын талаар байр сууриа илэрхийллээ.

"Монсудар" хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, захирал Р.Энхбат: 

-Өнөөдөр ярьж буй асуудал нэг компанийн эрх ашгаас хальж, Монгол Улсын боловсролын тогтолцоо, үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдож байна. Монголд сонгууль, хурал цуглаан гээд бүх зүйлийг урьдчилан найруулж "хайрцагладаг" жишиг тогтсон. Тендер ч мөн адил эхнээсээ хэнд өгөх, хэдий хэмжээний мөнгө хуваарилахаа тооцсон "тавилттай" жүжиг болж хувирлаа. Төр өөрийн хийх ёсгүй ажлыг хийж эхлэхээр хайрцаг томорч, төсөв мөнгө нэмэгдэн, эрх мэдэл, санхүү хоёр засаглаж эхэлдэг. 

Монгол Улсад бүртгэлтэй 120 орчим хэвлэлийн газар үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир болон салбарын яам нэгдүгээр ангийн сурах бичиг зохиох, хэвлэх тендерт УИХ-ын хоёр гишүүн, сайд нарын хамаарал бүхий хоёр хэвлэх үйлдвэрийг шалгарууллаа. 

Манай хамт олон сүүлийн гурван жилийн турш нэгдүгээр ангийн сурах бичгийг Монголын боловсролын тогтолцоонд хувьсгал болохуйц хэмжээнд хүч, хөдөлмөрөө зарж боловсруулсан. Гэтэл ганцхан сарын дотор хиймэл оюунд даалгавар өгч, яаран сандран хийсэн төслийг тендерт ялууллаа. Сурах бичиг гэдэг бол бэлэн мөнгө хийдэг бизнес биш. Боловсролын төсвийг жил бүр нэмдэг хэрнээ үр дүнг нь хэзээ ч тооцдоггүй. Салбарын сайд нь төсвөө нэмүүлээд л хамгийн сайн ажилласан дүр эсгэдэг энэ гаж тогтолцоог халах шаардлагатай гэв. 

Нэгдүгээр ангийн сурах бичгийн эхийг зохиох, хэвлэх, түгээх тендерийг Боловсролын ерөнхий газар хариуцан зохион байгуулсан. Төсөл өнөөдрийг хүртэл удааширсан гол шалтгаан нь захиалагч байгууллагын Үнэлгээний хорооны ур чадвар, мэргэшсэн байдалтай холбоотой юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.1-д зааснаар баримт бичгийг захиалагч баталдаг. Гэтэл анхны баримт бичгийн 80 гаруй хувь нь сүүлд үндсээрээ өөрчлөгдсөн байна. 

БЕГ-ын дарга Т.Тамирын томилгоо эргэлзээтэй. Төрийн албаны тухай хуулийн 18.2, 23.2.1-д тэргүүн түшмэлийн албан тушаалд эрхэлсэн түшмэлээр зургаагаас доошгүй жил ажилласан хүнийг томилохоор заасан байдаг. Гэтэл түүний намтарт уг түшмэлээр дөрвөн жил ажилласан түүхтэй. Түүнийг ямар шалгуураар дүйцүүлэн томилсон нь тодорхойгүй байгаа аж. 

"Монсудар" хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, захирал Р.Энхбат тендерт ялсан компаниудын улс төрийн хамааралыг дурдахдаа "Соёмбо принт" ХХК нь УИХ-ын гишүүн, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2000–2007 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд түүний хамаарал бүхий этгээдүүд өмчлөгч, захирлаар нь ажиллаж байсан үндэслэлээр өмнө нь зарим тендерийн хориглолт хязгаарлалтад орж байсан үйл баримттай. "Мөнхийн үсэг" ХХК нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 1996–2005 онд захирлаар нь ажиллаж байсан, хамаарал бүхий этгээдүүд нь холбоотой хэвээр байгаа тул ашиг сонирхлын зөрчлийн маргаан нь эцэслэгдээгүй байхад дахин шалгаруулсныг дурдав.  

Хэвлэлийн хуралд оролцсон уран бүтээлчид хиймэл оюунаар бүтээсэн зургийн алдааг дэлгэн үзүүлэв. Сурах бичгийн зурагт нэг модыг олон зуу хувилж тавьсан, хүүхдүүд нь бүгд нэгэн ижил хиймэл царайтай, зарим зураг дээр хүүхэд гурван хөлтэй, гажиг хуруутай гарсан ноцтой алдаанууд гарчээ. Зургаан настай хүүхэд агуулгыг зургаар дамжуулан хүлээн авдаг атал эдгээр зургууд нь бодит байдлыг гажуудуулж, хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөхүйц байгааг онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.