🔴Ж.Энхбаяр: Монгол Улсын гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.долларт хүрсэн
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэр болон цаг үеийн асуудлаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ.
Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр:
-Оны эхний есөн сарын байдлаар голлох боомтуудын экспортын гүйцэтгэл төлөвлөгөөгөө даван биелж байна. Ханги боомтын гүйцэтгэл 140 хувьтай гарч, зорилтоосоо давсан бол Шивээхүрэн боомт 96 хувь, Бичигт боомт 90 хувь, Гашуунсухайт боомт 82 хувь, Булган боомт 76 хувийн биелэлттэй байна.
Аж ахуйн нэгжүүдийн түвшинд "Саусгоби", "Тавантолгой", "Өсөх зоос" зэрэг компаниуд жилийн төлөвлөгөөгөө III улирлын байдлаар бүрэн биелүүлсэн бол "Эрдэнэс Тавантолгой" ХК 83 хувь, "Монголын Алт" (МАК) компани 71 хувийн экспортын гүйцэтгэлтэй байна. Оны эцэс гэхэд Монгол Улс 100 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой гэж үзэж байна.
Үнийн тухайд, нүүрс болон төмрийн хүдрийн зах зээлийн үнэ сүүлийн гурван жилд хоёр дахин буурсан ч эхний есөн сарын байдлаар дундаж үнэ 70 ам.доллар орчимд тогтворжиж, төсвийн төсөөлөлтэй дүйцэж байна. Харин зэс, алтны үнэ төсөөлж байснаас өндөр гарч, тэнцвэржүүлсэн үнээс давсан орлого Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлагдаж байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны үр дүнд бүтээгдэхүүний үнэ зарласан үнээс 14-36 хувиар өсөн борлуулагдаж, жилд дунджаар 1.2-2.5 тэрбум ам.долларын нүүрс биржээр арилжаалагдаж байна. Биржээр худалдан авсан нүүрсийг хилээр дараалал харгалзахгүй гаргах бодлого баримталж байгаа. Урьд өмнө байгуулсан уурхайн ам нөхцөлтэй таван гэрээнээс гурав нь дуусаж, урт хугацааны хоёр гэрээний нийлүүлэлт хийгдэж байна. Мөн "Эрдэнэт үйлдвэр" оны эхний есөн сард 483 мянган тонн зэсийн баяжмал экспортолсны 13 хувийг биржээр, үлдсэнийг биржийн бус гэрээгээр борлуулсан.
Уул уурхайн бус экспортын салбарт дараах өсөлтүүд гарлаа:
- Ноос, ноолуур: Боловсруулалтын чанар сайжирснаар экспорт өмнөх оны мөн үеэс 73 хувиар өсөж, 244 сая ам.долларт хүрэв.
- Мах, махан бүтээгдэхүүн: 84 сая ам.долларын экспорт хийгдсэн бөгөөд намрын мах бэлтгэлтэй холбоотойгоор цаашид нэмэгдэнэ.
- Арьс, шир: Өнгөрсөн оны мөн үеэс 109 хувиар өссөн байна.
- Тослог үр (рапс): 12.4 сая ам.долларын экспорт хийгдсэн нь газар тариалангийн салбар экспортын бүтээгдэхүүнтэй болсныг харуулж байна.
Экспортын орлогын өсөлтийн үр дүнд Монгол Улсын гадаад валютын албан нөөц 10 дугаар сарын 1-ний байдлаар 8.9 тэрбум ам.долларт хүрсэн. Төгрөгийн ханш сүүлийн гурван жилд ердөө нэг хувийн савлагаатай байж, тогтвортой байдал хадгалагдсанаар улсын зээлжих зэрэглэл сайжирч байна.
Экспортын орлого нэмэгдэж байгаа тул 2026 оны төсвийн тодотголоор экспортын орлогын төсөөллийг 16.6 тэрбум байсныг 18.9 тэрбум ам.доллар болгон шинэчилсэн бол 2027 онд 20 тэрбум ам.долларын экспорт хийхээр төлөвлөсөн. 2027 оны төсөвт "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой" зэрэг төрийн өмчит компаниудаас 3.5 их наяд төгрөг, "Оюутолгой"-гоос 3.0 их наяд төгрөг буюу нийт 6.5 их наяд төгрөгийг төвлөрүүлж, томоохон хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхээр тусгасан.
Дэд бүтцийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай экспортын авто замын ажил дуусаж, 10 дугаар сарын 15-ны дотор албан ёсоор ашиглалтад хүлээн авахаар боллоо. Мөн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын дээд бүтцийн ажил дуусаж, төмөр зам угсралт энэ ондоо дуусан, ирэх хоёрдугаар сард туршилтын тээвэр эхэлж, гуравдугаар сараас албан ёсоор холбогдсоноор 40 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадал бүрдэнэ. Гадаад худалдааны "Нэг цонх"-ны платформыг нэвтрүүлснээр экспорт хийх хугацаа 302 цаг байсныг 22 цаг болгон бууруулахаар ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийх ААН-үүдтэй тогтвортой байдлын гэрээ байгуулах нөхцөл бүрдсэн. Энэ хүрээнд эрчим хүчний стратегийн гурван том төслийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа:
- Бөөрөлжүүтийн цахилгаан станц: Эхний ээлж ашиглалтад орсон бөгөөд хүчин чадлыг 600 МВт-д хүргэх 1.2 тэрбум ам.долларын өргөтгөлийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэхээр болов. Энэ нь улсын эрчим хүчний 12 хувийг хангана.
- Баянгийн 660 МВт цахилгаан станц: "Кассен Повер Грийн Энержи" компани 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй, улсын эрчим хүчний 10 хувийг хангах уг төслийн явц 50 хувьтай байгаа бөгөөд 2028 онд ашиглалтад орно.
- Шивээ-Овоогийн 660 МВт цахилгаан станц: 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай, жилд 4.6 тэрбум кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай төсөл бөгөөд 2029 онд ашиглалтад орохоор танилцуулагдлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд М.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томилох шийдвэр нь дэд сайдын нийт зургаан орон тоонд өөрчлөлт ороогүй. Алтанширээгийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, нефтийн бүтээгдэхүүний тогтвортой хангамжийг хангах чиглэлд хүч бэхжүүлэх зорилгоор энэ сэлгэн томилгоог хийсэн.
Шадар сайд Н.Номтойбаяр:
-Засгийн газрын хуралдаанаар 2007 онд батлагдсан Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн 40 орчим хувь буюу 42 зүйл заалтыг өөрчилнө. Төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилж стратегийн хүнс, шатахуун, түлшний нөөцийн эргэлт, санхүүжилтийг шуурхай, зах зээлийн горимд шилжүүлэх зорилготой.
Монгол Улсад итгэмжлэгдсэн 226 лаборатори байгаагаас 55 нь төрийн өмчит бөгөөд таван өөр салбарт харьяалагдаж, бодлого уялдаагүй, тоног төхөөрөмж хоцрогдсон байгаа тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас цогц шалгалт хийж, нэгдсэн бодлогын реформ эхлүүлэх үүргийг Ерөнхий сайдаас өгчээ.
Өнгөрсөн хугацаанд шүлхийн "САТ-1" вирус гарч, олон улсад тохирох вакцин ховор байснаас 32 хоногийн хугацаа алдаж, 4,167 үхэр хорогдож, хорио цээр болон нөхөн олговорт нийт 20 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан. Мөн ямааны годрон өвчний улмаас өнөөдрийн байдлаар 16 өрхийн 6,296 ямааг устгаад байгаа. Засгийн газраас 1.5 тэрбум төгрөгөөр вакцин худалдан авах шийдвэр гаргасан. Цаашид вакцин, эм бэлдмэлийг гаднаас худалдан авах бус, Биокомбинатын үйл ажиллагааг бизнесийн зарчимд оруулж, дотооддоо үйлдвэрлэх бодлогыг барина.
Ямааг чемоданд нуун хилээр нэвтрүүлснээс үүдэн малын өвчин зөөвөрлөгдөн орж ирсэн байж болзошгүй асуудлыг тагнуул, цагдаагийн байгууллага шалгаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.