Берлиний марафонд дугуйгаар явж луйвар хийсэн Хятадын инфлүүнсер хасагджээ
Берлиний олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр дугуйн дээр суун замаа товчилсон Хятадын фитнес нөлөөлөгч Сүн Юань Юанийн амжилтыг хүчингүй болгож, тэмцээнээс хаслаа.
Цахим орчинд "Abeeeer" нэрээрээ олонд танигдсан 30 настай гүйгч эмэгтэй "хувийн дээд амжилтаа шинэчиллээ" хэмээн цахим хуудсаараа бахархан нийтэлсэн ч үнэн хэрэгтээ замынхаа тодорхой хэсгийг унадаг дугуйгаар туулсан нь баримтаар нотлогджээ.
Сүн Юань Юань 2026 оны есдүгээр сарын 27-нд болсон Берлиний марафонд оролцохдоо барианд 4 цаг 53 минут 46 секундийн хугацаанд орсон хэмээн зарласан юм. Гэвч аравдугаар сарын 1-ний өдөр марафон гүйлтийн шударга байдлыг хянадаг албан бус "OMTIU" байгууллага түүнийг 38 дахь километрийн орчимд унадаг дугуйны арын суудалд сууж яваа гэрэл зураг болон хугацааны сэжигтэй үзүүлэлтүүдийг дэлгэсэн байна.
Тодруулбал, түүний хурд 30-35 дахь километрийн хооронд саарч, нэг километрийг 7 минут 23 секундэд туулж байсан бол 35-40 дэх километрийн хооронд огцом хурдлан 30 минут 49 секунд буюу километр тутамд 6 минут 10 секундийн хурд гаргасан нь нийт замын хамгийн хурдан завсрын үр дүн болж таарчээ.
Иймд зохион байгуулагчид аравдугаар сарын 3-ны өдөр дүрмийн зөрчил гаргасан түүний бүртгэл, амжилтыг албан ёсоор хүчингүй болгосон юм. Шийдвэр гарсны дараа Сүн Юань Юань "Xiaohongshu" сүлжээн дэх 530 мянга орчим дагагчдаа хандан уучлалт гуйж, марафонтой холбоотой бүх нийтлэлээ устгажээ. Тэрбээр бие нь тавгүйрхсэний улмаас тэмцээнээс гарахаар замын зохицуулагчийг хайх зорилгоор дугуй дээр суусан хэмээн тайлбарласан боловч дугуйгаар явснаа нуун дарагдуулж, хувийн дээд амжилт тогтоосон мэтээр худал мэдээлсэндээ буруугаа хүлээсэн байна.
Хууран мэхлэлт илэрсний дараа түүний гол ивээн тэтгэгч "Brooks China" брэнд аравдугаар сарын 4-ний өдөр гэрээгээ нэн даруй цуцалж, цаашид дахин хэзээ ч хамтрахгүй гэдгээ мэдэгдэв.
Гүйлтийн гутал, хэрэглэл үйлдвэрлэгч тус компани тамирчны луйврыг шалгалгүйгээр амжилтыг нь олон нийтэд сурталчилсандаа мөн албан ёсоор хүлцэл өчжээ.
Энэ нь спортын ёс зүйг зөрчсөн эл үйлдэл нь тамирчны болон түүнийг дэмжигч байгууллагуудын нэр хүндэд нөхөж баршгүй хохирол учруулдгийг харуулсан сургамжтай явдал болж байна.
Эх сурвалж:
• cbc.ca
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.