🔴Хүн барьж идсэн баавгайг агнах зөвшөөрөл өгчээ

AI хөрвүүлсэн

Хүн барьж идсэн баавгайг агнах зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас олгосон бөгөөд эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж байгаа талаар газар дээр нь ажиллаж буй орон нутгийн анчин, иргэдийн төлөөлөл мэдээллээ.

Түүний мэдээлснээр, хэрэг гарсан тухайн газарт эрлийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Гэвч намар цагийн хуурайшилттай, цас ороогүй байгаа тул хөрсөн дээр мөр гарахгүй, баавгай чухам аль чигт орсныг тодорхойлоход хүндрэл үүсгэж байгаа аж.

Тэрбээр хэлэхдээ, "Олон хүний хөл хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн дуу чимээ амьтныг цааш нь уул руу үргээх эрсдэлтэй тул машин тэргийг холдуулж, орчныг чөлөөлөх шаардлагатай байна. Баавгай өдрийн цагаар бараг үзэгдэхгүй, голдуу үдшийн бүрий болон шөнийн цагаар идэвхждэг. Байгаль орчны яамнаас тухайн баавгайг агнах албан ёсны зөвшөөрлийг олгосон. Хүнд халдаж, амь насыг нь хохироосон араатан дахин ойр хавийн айлууд руу дайрах эрсдэл маш өндөр тул зайлшгүй агнаж, аюулгүй болгох ёстой" хэмээн онцлов.

Одоогийн байдлаар эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон орон нутгийн иргэд, анчдын төлөөлөл хамтран ажиллаж байна. Байршлыг нь нарийвчлан тогтоох зорилгоор албаны болон хувийн дулаан мэдрэгчтэй, тусгай зориулалтын дронуудыг тасралтгүй нисгэж байгаа юм.

Эхний ээлжинд тухайн баавгайн байршлыг яаралтай илрүүлж тогтоох нь чухал бөгөөд илрүүлсний дараа холбогдох мэргэжлийн байгууллагууд агнах, аюулгүй болгох дараагийн арга хэмжээг шуурхай шийдвэрлэх аж. Урьд өмнө цагдаагийн байгууллагаас тухайн бүсийг хамгаалалтад авч үзлэг шинжилгээ хийж байсан бол одоогоор талбайг чөлөөлж, эрлийн баг ул мөрийг мөшгин ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.