Ойн бүсэд зорчих хөдөлгөөнийг зогсоолоо

Ойн бүсэд зорчих хөдөлгөөнийг зогсоолоо
МЭДЭЭГ СОНСОХ
Chimege AI дуу хоолойгоор бэлтгэсэн аудио хувилбар
БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр цагийн үеийн нөхцөл байдалтай уялдуулан 21 аймаг, Нийслэлийн байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын удирдлага, холбогдох албан хаагчидтай шуурхай хуралдаж дараах чиглэлийг өглөө.
 
Эрсдэл бүхий орон нутгууд ойн бүс дэх олон нийтийн арга хэмжээ, аялал зугаалгыг зогсоох, мод бэлтгэх, жимс түүх, ойн бүсэд зорчих хөдөлгөөнийг зогсоох.
Нэгдүгээрт, сүүлийн 30 хоногт баавгай үзэгдсэн бүх байршлыг сум, баг, координатаар нэгтгэж, өнөөдрийн дотор яаманд ирүүлэх.
 
Хоёрдугаарт, шинээр мөр, баас, идэшний үлдэгдэл, малын сэг зэм илэрсэн газрыг эрсдэлтэй бүс гэж үзэж, иргэдийг тухайн хэсэгт зорчихгүй байх талаар шууд анхааруулах.
 
Гуравдугаарт, баавгай давтан үзэгдсэн газарт байгаль хамгаалагч, цагдаа, онцгой байдлын хамтарсан эргүүл гаргаж, орой, шөнийн цагаар хяналт нэмэгдүүлэх.
Дөрөвдүгээрт, айл өрх, малчдын хот, аялал жуулчлалын бааз, хогийн цэг орчимд хүнсний хаягдал, малын сэг зэм ил задгай байлгахгүй байх арга хэмжээг сумын хэмжээнд зохион байгуулах.
 
Тавдугаарт, баавгай үзэгдсэн тухай мэдээлэл ирсэн даруйд тухайн багийн иргэдэд утас, мессеж, фэйсбүүк зэрэг цахим сувгаар сэрэмжлүүлэг хүргэх. Мэдээллийг зөвхөн байгууллага хооронд дамжуулаад орхихгүй.
 
Зургаадугаарт, аймаг бүр баавгайтай холбоотой дуудлагад ажиллах шуурхай баг, машин, холбоо, хамгаалах хэрэгслийн бэлэн байдлаа өнөөдөр шалгах.
 
Долоодугаарт, шинээр баавгай үзэгдсэн болон авсан арга хэмжээний мэдээг өдөр бүр тогтсон цагт яаманд нэгтгэн ирүүлэх. Хүн эрсэдсэн энэ тохиолдлын дараа бусад аймаг, сум “манайд одоогоор асуудал гараагүй” гэж хүлээж суухгүй. Эрсдэл үүсэхээс өмнө ажиллах ёстой.
 
Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад:
 
Нэгдүгээрт, өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт баавгай үзэгдсэн, мөр илэрсэн, мал болон айл өрхөд ойртсон бүх цэгийг нэн даруй тогтоож, эрсдэлийн зураглал гаргах.
 
Хоёрдугаарт, байгаль хамгаалагчдын эргүүлийн маршрутыг баавгай үзэгдсэн болон хүн, малын хөдөлгөөн ихтэй бүсэд төвлөрүүлж, хяналтыг нэмэгдүүлэх.
 
Гуравдугаарт, аяллын зам, отоглох цэг, ойн зам, самар түүх бүс зэрэг хүн ба баавгай таарах эрсдэл өндөр хэсэгт шаардлагатай тохиолдолд нэвтрэх хөдөлгөөнийг түр хязгаарлах, анхааруулах тэмдэг, мэдээллийг шууд байрлуулах.
 
Дөрөвдүгээрт, хамгаалалтын захиргаа бүр баавгайтай холбоотой дуудлагаар ажиллах байгаль хамгаалагчдын багийг нэрээр нь тогтоож, машин, холбоо, дуран, хамгаалах хэрэгсэл болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах.
 
Тавдугаарт, баавгай үзэгдсэн мэдээллийг зөвхөн бүртгээд орхихгүй. Мөр, хөдөлгөөний чиглэл, давтамжийг газар дээр нь тогтоож, ойролцоох сум, баг, малчин өрх, аялал жуулчлалын байгууллагад тухай бүр мэдээлэх.
 
Зургаадугаарт, хамгаалалтын бүс доторх хогийн цэг, хүнсний хаягдал, малын сэг зэм болон баавгай татах бусад эх үүсвэрийг шалгаж, нэн даруй цэвэрлүүлэх.
 
Долоодугаарт, баавгай давтан үзэгдэж байгаа газарт хөдөлгөөнийг тогтмол хянах. Шаардлагатай цэгүүдийг яаманд танилцуулах.
 
Наймдугаарт, шинээр баавгай үзэгдсэн, хүн рүү ойртсон, малд халдсан тохиолдол бүрийг шууд мэдээлж, авсан арга хэмжээний хамт өдөр бүр яаманд нэгтгэн хүргүүлэх.
Хамгаалалтын захиргаад өөрийн нутаг дэвсгэр дээр хаана эрсдэл үүсэж байгааг хамгийн түрүүнд мэддэг байх ёстой. Дуудлага хүлээгээд суух биш, эрсдэлийг урьдчилан илрүүлж ажиллана.
 
БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого , зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжиннямд тогтмол шуурхай утас ажиллуулж, албан хаагчдын цагийн хуваарь гаргаж, 24 цагаар бэлэн байдалд ажиллах. Баавгай үзэгдсэн болон өмнө нь давтан бүртгэгдсэн бүх аймаг, сум дээрх арга хэмжээг нэн даруй авахыг чиглэл болгов.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.