П.Адарсүрэн агсны хөшөө "Зайсан Хилл" цогцолборын гадаа талбайд сүндэрлэлээ

П.Адарсүрэн агсны хөшөө "Зайсан Хилл" цогцолборын гадаа талбайд сүндэрлэлээ

Ард түмний хайртай дуучин Пэлжээгийн Адарсүрэн агсныг мөнхжүүлэх зорилгоор түүний гэрэлт хөшөөг Улаанбаатар хотод сүндэрлүүлэх болсон юм. Хөшөө босгох санаачилгыг “Адарсүрэн сан”-гийн тэргүүн А.Амартайван гаргасан. Улмаар “Наран Зариг сан”-ийн тэргүүн Н.Өнөрцэцэгт хамтран хөшөө босгох саналаа тавьсны үндсэн дээр тус хоёр сан хамтран хөшөө босгох ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн билээ. 

2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж “Тэмээн дээрээс Наран ойрхон” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах болсон талаараа мэдээлсэн. Тоглолтын орлого болон ард түмний хандив тусламжаар хайртай дуучныхаа гэрэлт хөшөөг босгох боломж бүрдсэн юм. Тоглолтын ивээн тэтгэгчээр “Лувсанвандан сан” ажилласан. “Тэмээн дээрээс Наран ойрхон” хүндэтгэлийн тоглолтыг 2026 оны тавдугаар сарын 16-ны өдөр “UG palace event hall” -д амжилттай зохион байгуулагдсан. Эдгээр ажлыг “Наран Зариг сан” зохион байгуулалтыг нь хариуцан ажилласан бол хэвлэлийн ивээн тэтгэгчээр “Зариг.мн” сайт ажилласан юм.

Ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө нь суурьтайгаа нийлээд 3.20 см өндөртэй хүрэл хөшөө юм. Суурь нь ногоон боржин чулуугаар хийгдсэн. Ингэхдээ нэрт дуучны ажиллаж байсан “Улсын ардын дуу бүжгийн чуулга”-ын Алтан үеийн уран бүтээлчдийн ажиллаж байсан үеийн барилгын багана, тайзыг билэгдэн сийлбэрлэн хийсэн байна. Хөшөөг Ахмад уран барималч Л.Гантөмөр тэргүүтэй дөрвөн барималч хамтран  эскиз зургаас нь эхлэн эцсийн бүтээл болгон урлажээ. Ингэхдээ нэрт дуучин П.Адарсүрэн агсны зан чанар, төрх, харц, дүр байдлыг нь шингээн урласан байна. Хөшөөг “Зайсан хилл” цогцолборын урд талбайд байршуулсан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.