Ц.Ганзориг: Сэтгүүл зүй хэн нэгнийг гүтгэж, харлуулж, шантаажилдаг хэрэгсэл байж болохгүй!

AI хөрвүүлсэн
Ц.Ганзориг: Сэтгүүл зүй хэн нэгнийг гүтгэж, харлуулж, шантаажилдаг хэрэгсэл байж болохгүй!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг нэр бүхий сэтгүүлчтэй холбоотой асуудал болон хэвлэл мэдээллийн салбарын нэр хүнд, ёс зүйн талаар байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:

-Мэдээллийн салбарыг харлуулж, хэвлэл мэдээллийнхэн гэхээр л шантааж хийдэг мэтээр ойлгуулдаг энэ байдалд сэтгүүлчид та бүхэн дуу хоолойгоо нэгтгэн, цэг тавих хэрэгтэй байна. Би хэвлэл мэдээллийн салбарт, олон нийттэй харилцах ажлыг Ерөнхийлөгч, Засгийн газрын институтэд он удаан жил хариуцан ажиллаж байна. Үүнээс өмнө сэтгүүл зүйн салбарт арваад жил, тэр дундаа мэдээ мэдээллийн хамгийн том хэрэгсэл болох "Ийгл Ньюс" телевизийн бүх шатанд ажиллаж, 120 хүртэлх хүнийг хариуцан, мэргэжлийн мэдээний редакц ямар байдгийг мэдэрч явсан хүний хувьд ийм ёс зүйгүй байдалтай хэзээ ч эвлэрэхгүй. 

Жишээ татвал, Дэнс.мн сайтын сэтгүүлч Ц.Шинэбаяр гэх эмэгтэй ЕТГ-ыг олон нийтэд төлөөлдөг надад хандаж 4-5 асуудлаар шантааж хийсэн. Нэгдүгээрт, нэр бүхий иргэн Хөдөлмөрийн баатар цол олгуулах, хоёрдугаарт, редакци байгуулах төсөв мөнгө нэхсэн, гуравдугаарт, машин тэргээ сайжруулах их хэмжээний мөнгө нэхсэн, дөрөвдүгээрт, төрийн айлчлалд дагуулж явах, тавдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй биечлэн уулзуулахыг хүссэн.

Өнөөдөр Төрийн ордонд 400-500 хэвлэл мэдээллийн ажилтан парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг. Бид нарын үед буюу 10 гаруй жилийн өмнө парламентын сэтгүүлч хийж, төрийн ажлыг сурвалжилна гэдэг нь наад захын туршлага, цензур шаарддаг ажил байсан. Хэвлэл мэдээллийн ажилтнууд мэдээ мэдээллийг түгээхийн тулд багаараа ажиллаж, эх сурвалжийн түвшнээ бүрэн хангаж, Төрийн ордонд биеэ хэрхэн зөв авч явах, төрийн мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх вэ гэдэгт мэргэжлийн туршлага, өндөр ёс зүйтэй ханддаг. Гэтэл энэ нь шантааж болж хувираад байна. Бидний 100 гаруй жилийн түүхтэй энэ том байгууллагыг хэдхэн хүний шантаажаар сольж, харлуулж болохгүй. Тэр хүмүүсийн үйлдэл өнөөдрийн хэвлэл мэдээллийн байгууллагын өнгө төрхийг хэрхэвч тодорхойлох ёсгүй. 

Удахгүй болох МСНЭ-ийн хурлаар мэргэжлийн сэтгүүл зүйн асуудлыг хэлэлцэх юм билээ. Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) гэж бий. Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн нэр барьсан хүн ёс зүйгүй авирласан, баримтын алдаа гаргасан, хэн нэг хувь хүнд ямар хохирол учруулсан бэ гэдгийг олон нийтэд маш тодорхой зарлаж явах хэрэгтэй. Ингэж байж хариуцлага яригдана. Сэтгүүл зүй, сэтгүүлчийн нэр барьж, төрийн шагнал олгуулах, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн сэтгүүлч А.Шинэбаярыг шүүхэд өгч, гомдол мэдүүлгээ өгч байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.