БНСУ-ын олон шатлалт арьс арчилгаа нь эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулж байна
Цахим орчинд эрчимтэй түгж байгаа БНСУ-ын "шил шиг тунгалаг арьс" буюу "glass skin" гоо сайхны чиг хандлага нь арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээж, ноцтой харшил үрэвсэл үүсгэдэг болохыг арьс судлалын олон улсын мэргэжилтнүүд Вена хотноо болсон Европын арьс, харшлын академийн (EADV) 2026 оны чуулганы үеэр сэрэмжлүүллээ.
Бразилын Рио-де-Жанейро хотын Профессор Рубем Дэвид Азулайн нэрэмжит Арьс судлалын хүрээлэнгийн судлаач эмч Мария Лусиа Пайсано тэргүүтэй баг уг чиг хандлагыг нарийвчлан судалж, дүн шинжилгээ танилцуулсан байна.
Тэд цахим алгоритмын нөлөөллөөс сэргийлж шинээр үүсгэсэн хаягаар "ТикТок" сүлжээн дэх хамгийн их хандалттай 38 бичлэгийг шалгахад 94.7 хувь нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн мэдээлэл агуулж байжээ.
Эдгээр бичлэгийг бүтээгчдийн 82 хувь нь мэргэжлийн бус нөлөөлөгчид байсан бөгөөд 84 хувь нь арьсны ялгаатай онцлогийг огт дурдалгүй нийтэд зөвлөсөн байна. Түүнчлэн 45 хувь нь идэвхтэй найрлагатай олон бүтээгдэхүүнийг аюулгүй байдлын санамжгүйгээр давхарлан түрхэхийг сурталчилжээ.
Арьсанд тоник, серум, тосыг хэт олон давхарлан түрхэх нь нүх сүвийг таглаж, арьсны байгалийн хамгаалалтыг алдагдуулдаг байна. Тус чуулганаар танилцуулсан 94 өвчтөнийг хамарсан эмнэлзүйн судалгаанаас үзэхэд цахим сүлжээний олон шатлалт арчилгааг дуурайснаас болж хүрэлцэхүйн дерматит, үрэвсэлт улайлт, батгашил үүсжээ. Эдгээр өвчтөнүүдийн 60 гаруй хувь нь AHA/BHA хүчил, ретиноид, витамин С болон ниацинамид зэрэг хүчтэй үйлчилгээтэй идэвхтэй найрлагуудыг нэгэн зэрэг замбараагүй хослуулан хэрэглэсэн байна.
Арьс судлаач Жэйн Ю биологийн хувьд нүх сүвгүй арьс гэж байх боломжгүйг сануулж, генетикийн онцлогийг олон давхар гоо сайхны бүтээгдэхүүнээр дарах гэж оролдох нь эсрэгээрээ эрүүл мэндийг хохироодог болохыг тайлбарлав.
Хэт туйлширсан арьс арчилгааны хор уршгийг цахим орчинд алдаршсан контент бүтээгчид ч баталж байна.
Тухайлбал, "ТикТок" сүлжээнд "glass skin girl" нэрээрээ танигдсан 29 настай Грета Костиоли олон давхарлаж түрхэх арчилгааны улмаас арьс нь байнгын тууралт, улайлттай болсон тул уг чиг хандлагаас татгалзаж, энгийн арчилгааг сонгосноо хуваалцжээ. Нөгөө талд "ТикТок" платформын төлөөлөгч 38 бичлэг нь олон сая хэрэглэгчийн контентыг бүрэн төлөөлөхгүй гэж тайлбарласан ч эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг сохроор даган дуурайхгүй байхыг уриалж байна.
Гоо сайхны салбарт өргөн сурталчлагдаж буй төгс толигор төрх нь бодит байдал дээр арьсыг хүнд хэлбэрээр гэмтээх шалтгаан болж байгааг эмч нар онцоллоо. Цаашид сошиал сүлжээний баталгаагүй гоо сайхны зөвлөгөөг дагахаас зайлсхийж, өөрийн арьсны онцлогт тохирсон энгийн чийгшүүлэлт болон нарны хамгаалалтыг сонгох нь эрүүл мэндээ хамгаалах гол үндэс болж байна.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.