Эрхүү мужид баавгайн халдлага эрс нэмэгдэж онцгой дэглэм тогтоолоо
ОХУ-ын Эрхүү мужид зэрлэг хүрэн баавгай хүн амьдардаг суурин газар руу дайрах тохиолдол огцом нэмэгдэж, орон нутгийн удирдлагууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.
Баавгай ичих дөхөж байгаа цаг буюу сүүлийн нэг сарын хугацаанд тус мужид баавгайн халдлагын улмаас таван иргэн амиа алдсан бөгөөд хүмүүст шууд заналхийлсэн 405 баавгайг устгасан болохыг Ан агнуурын хяналтын албанаас мэдээлсэн байна. Оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс эрх баригчид оны эцэс гэхэд нийт 600 хүртэл тооны баавгайг агнаж цөөлөх зөвшөөрлийг олгоод байна.
Хамгийн сүүлд бүртгэгдсэн ноцтой тохиолдлуудаас дурдвал, Усть-Илимск дүүрэгт Илим голын ойролцоох ойд явсан 71 настай тэтгэврийн насны иргэн, Казачинско-Ленский дүүргийн ээлжийн ажилчдын байранд байсан 55 настай ажилтан баавгайн дайралтад өртөж амиа алджээ. Мөн Чинонга тосгоны ойролцоо Киренга гол дээр загасчилж байсан 81 настай иргэн баавгайтай тулалдан завиараа зугтаж амжсан ч гар болон биедээ хүнд гэмтэл авсан байна.
Эрхүү мужаас гадна ОХУ даяар энэ онд нийт 20 гаруй хүн баавгайд бариулж нас барсны дийлэнх нь Сибирь болон Алс Дорнодын бүс нутагт тохиолджээ.
Араатан амьтад ийнхүү суурин газрууд руу олноор шахагдах болсон нь байгаль цаг уурын өөрчлөлт болон идэш тэжээлийн хомстолтой шууд холбоотой аж. Баавгайн ичээндээ орохын өмнөх гол хоол тэжээл болох самар, жимсний ургац туйлын тааруу байсан нь амьтдыг тайгын гүнээс хүн суурьшсан бүс рүү хоол хайн гарахад хүргэсэн байна. Түүнчлэн хөрш зэргэлдээх Красноярскийн хязгаарт 405 мянга гаруй га ой шатсан их түймрийн улмаас баавгайнууд Эрхүү мужийн нутаг дэвсгэр рүү дайжин орж иржээ. Мөн тус улсын хүрэн баавгайн нийт тоо толгой 1990 оноос хойш хоёр дахин өсөж, 300 мянгаас давсан нь амьдрах орчны өрсөлдөөнийг улам хурцатгасан байна.
Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан мужийн амбан захирагч Игорь Кобзев Братск, Усть-Илимск, Нижнеилимск зэрэг хэд хэдэн дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоолоо. Иргэдэд ойд самар, мөөг түүхээр явахгүй байх, малаа ангийн бүсээс хол байлгахыг хатуу анхааруулсан байна.
Суурин газруудад анчдын хөдөлгөөнт багууд эргүүл хийж эхэлсэн бөгөөд зарим бүсэд хөл хорио тогтоож, хүүхдүүдийг хамгаалах үүднээс сургуулийн хичээлээс гадуурх үйл ажиллагааг дотор танхимд шилжүүлжээ.
Цаашид холбооны удирдлагууд хүнтэй зөрчилдөж буй амьтдыг цөөлөх ажлыг дэмжих зорилгоор ан агнуурын квотыг бүрэн цуцалж, зөвшөөрлийн хураамжийг хүчингүй болгохоор төлөвлөж байна. Дулаан цаг агаарын улмаас баавгайнууд арванхоёрдугаар сар хүртэл ичээндээ орохгүй байх магадлалтай бөгөөд хангалттай өөх тос хуримтлуулж чадаагүй, өвөлжин идэвхтэй явдаг нэн догшин баавгайнууд ихсэх төлөвтэй байгаа тул өвлийн улиралд ч эрсдэл өндөр хэвээр байх төлөвтэй байна.
Эх сурвалж:
• m.vk.ru
• news.az
• m.vk.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.