🔴Н.Учрал: Олсныхоо хэрээр үрдэг биш, баялгийн сандаа хуримтлал үүсгэдэг жишиг тогтооно

AI хөрвүүлсэн
🔴Н.Учрал: Олсныхоо хэрээр үрдэг биш, баялгийн сандаа хуримтлал үүсгэдэг жишиг тогтооно

Монгол Улсын Засгийн газрын гишүүд эдийн засгийн нөхцөл байдал, ирэх оны төсөв болон томоохон төслүүдийн явцын талаар олон нийтэд мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Н.Учрал:

-ТӨК-иудын ногдол ашиг, цэвэр ашгийг нэгдсэн төсөвтөө багтааж, энэ ашгаараа өрхийн орлогыг баталгаажуулах жишгийг тогтоож байна. Мөн шинээр батлагдсан Татварын хуулийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгалаа. Үүний үр дүнд ирэх жил хамгийн багадаа 15 мянган шинэ ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Түүнчлэн 17 жилийн дараа анх удаа Оюу толгой (ОТ) төслөөс ногдол ашиг авахаар харилцан тохиролцож, ирэх оны төсөвт тусгалаа. Энэхүү ногдол ашгийг бид Хуримтлалын сандаа төвлөрүүлж, олон жил яригдсан нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлнэ. Ирэх долоо хоногоос ард иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулж, баялгийн эзэн болсон иргэн бүрийн саналыг тусгахаар зорьж байна.

Мөн 17 жилийн дараа Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулснаар ирээдүйд төлөх байсан 6.2 тэрбум ам.долларын өрийг бодитойгоор тэглэж чадсан томоохон дэвшил гарлаа. Үүний үр дүнд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч томоохон гурван агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг дуу нэгтэйгээр "тогтвортой" хэмээн зарласныг олон улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид болон нийт ард иргэддээ дуулгахад таатай байна. 

Төгрөгийн ханш өнөөдрийн байдлаар тогтвортой байгаа бөгөөд цаашид ч эрсдэлгүй, тогтвортой байх төлөвтэй байна. Дэлхийн нэр хүндтэй зээлжих зэрэглэл тогтоогч "S&P", "Moody's", "Fitch" агентлагууд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлж, "S&P" агентлаг "B", "Moody's" агентлаг "B3", харин "Fitch" агентлаг "B+" түвшинд үнэлэн тус тус тогтоогоод байна. Олон улсын зэрэглэл ийнхүү өсөж, тогтворжиж байгаа нь гаднын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын эдийн засгийн найдвартай байдлыг илтгэх хамгийн том эерэг дохио юм.

Засгийн газрын баримталж буй гол бодлого нь эдийн засгийг солонгоруулах явдал юм. Экспортоо нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх салбаруудаа дэмжихэд эрчим хүчний салбар өнөөдөр хамгийн том тулгамдсан асуудал болж байна. Иймээс бид Оюу толгойн ногдол ашгаас 2 их наяд төгрөгийг эрчим хүч, дулаан зэрэг нийгмийн суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зориулахаар УИХ-д 2025 оны төсөвт суулган өргөн барьсан. Энэхүү суурь дэд бүтцээ бүрэн шийдэж байж цаашид эдийн засгаа тэлэх, улам солонгоруулах боломж бүрдэнэ.

Засгийн газрын цэвэр өрийн тухайд, 2020 онд ДНБ-д эзлэх өрийн харьцаа өндөр байсан бол өдгөө шат дараатай буурч байна. Тухайлбал, өрийн ДНБ-д эзлэх үзүүлэлт 2020 онд өндөр хувьтай байсан бол 2026 он гэхэд 58 хувь болж буурахаар байна. Энэ нь Засгийн газрын өрийн дарамт бодитойгоор буурч, өрийн удирдлагыг оновчтой, зөв хэрэгжүүлж буйн илрэл гэв. 

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Эдийн засгийн таатай үзүүлэлтүүд нь Монгол Улс руу орж ирэх валютын цэвэр урсгалыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татах чухал суурь болж байна. Хэрэв бид эдийн засгаа тэлэхгүй, зөвхөн улсын төсвийн урсгал зардалд хязгаарлагдан явбал гадаад зах зээлийн шок болон уул уурхайн түүхий эдийн үнийн савалгаанаас хараат хэвээр үлдэнэ.

Тиймээс Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч байна. Өнгөрсөн хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг баталж, 100 орчим хуулийг нэгтгэн, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчинд тулгарч байсан илүүдэл тусгай зөвшөөрөл, хүнд суртлын саад бэрхшээлүүдийг цэгцэллээ. Мөн Татварын хуулийн шинэчлэлээр дамжуулан хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай ажиллах эрх зүйн таатай орчныг бүрэн бүрдүүлээд байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.