🔴Т.Аубакир: Миний хувьд сайдаар ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа гаргаагүй

AI хөрвүүлсэн

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэтгэврийн шинэчлэл, төсвийн тодотгол болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: 

-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны хүрээнд Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо анх удаа олон давхаргат тогтолцоонд шилжиж байна. Өмнө нь зөвхөн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгодог байсан бол одоо суурь тэтгэвэр гэдэг цоо шинэ ойлголт бий боллоо. Энэ нь иргэний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс бус, шууд улсын төсвөөс санхүүжнэ. Нийт 1.2 их наяд төгрөг төсөвлөгдөж байгаа. Хоёр дахь давхарга нь Нийгмийн даатгалын сангаас уламжлалт байдлаар тухайн иргэний ажилласан жил, төлсөн шимтгэлтэй уялдуулан тогтоодог тэтгэвэр байна. Гуравдугаарт, одоо УИХ-аар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Ингэснээр иргэн гурван эх үүсвэрээс тэтгэвэр авах хууль, эрх зүйн боломж бүрдэж байгаа юм. 

Арваннэгдүгээр сарын 1-нээс нийт 530 орчим мянган тэтгэвэр авагчаас 419 мянган иргэн суурь тэтгэвэр авч эхэлнэ. Яагаад бүгд биш вэ гэвэл суурь тэтгэвэр авах иргэнд насны ганцхан шалгуур тавигдаж байгаа. Тодруулбал, эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн байх ёстой. 

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс бид суурь тэтгэврийг нэмэгдсэн дүнгээр нь үргэлжлүүлэн олгоно. Хоёрдугаарт, тэтгэврийн итгэлцүүрийг шинэчилж, үүнд 141 мянган иргэн хамрагдана. Гуравдугаарт, инфляцтай уялдуулан тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх хууль үйлчилж байгаа тул 2027 оноос иргэд гурван төрлийн нэмэгдлийг зэрэг авах боломж бүрдэнэ. Суурь тэтгэвэр нь ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаанаас хамаарч сар бүр 100-300 мянган төгрөгөөр ялгавартай тогтоогдоно. 

Гадаа иргэд шаардлага хүргүүлж байгааг сонссон. Миний хувьд сайдаар ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа гаргаагүй.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалангийн гаргасан зарчмын зөрөөтэй саналыг анх Засгийн газраас өргөн барьсан төсвийн багц, кабинетын зарчмыг баримтлан дэмжих боломжгүй байсан. Бид 2027 оны улсын төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 10 хувиар нэмэхээр 84.7 тэрбум төгрөгийг суулгасан байсан юм. Харин уг санал дэмжигдээд явсны дараа Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр би өөрөө дэмжиж санал өгсөн. Сайдыг огцруулах үндэслэл нь бодитой байх ёстой. Би төрөөс тендер авдаг юм уу, хэрэг төвөгт орооцолддог хүн биш. Үүнийг улс төр хийж буй хэлбэр гэж харж байна.

Төсвийн тодотголоор хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэний асаргааны тэтгэмж өмнө нь 428 мянган төгрөг байсныг шууд 600 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг бууруулсан зүйл огт байхгүй, өндөр насны тэтгэврийн нэгэн адил 10 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд мөнгөн тэтгэлгүүд ч мөн өснө гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.