🔴Ц.Ганзориг: Би ид шидээ харуулж, та нарыг хэн ч биш болгоно гэж А.Шинэбаяр тулган шаардсан

AI хөрвүүлсэн
🔴Ц.Ганзориг: Би ид шидээ харуулж, та нарыг хэн ч биш болгоно гэж А.Шинэбаяр тулган шаардсан

Ерөнхийлөгчийн Тамгын газрын (ЕТГ) Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг сэтгүүлч А.Шинэбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

ЕТГ-ын ХМА-ны дарга Ц.Ганзориг: 

-Төрийн тэргүүн саяхан АНУ-д болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, Чикаго хотод ажиллаж, иргэдтэйгээ уулзаад ирсэн. Үүний дараа Булган, Орхон (Эрдэнэт), Хөвсгөл, өчигдөр Өвөрхангай аймагт ажилласан бөгөөд амралтын өдрүүдээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн түүхэн бүтээн байгуулалт болох Дорноговь аймгийн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар явах гэж байна. 

Сүүлийн үед Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэсэн худал мэдээллээр олон нийтийн дунд эргэлзээ, төөрөгдөл үүсгээд буй асуудалд цаг алдалгүй баримтаар няцаалт өгч байна. Өчигдөр бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ бол хувь хүн эсвэл ганц нэг редакцын асуудал биш. Мэргэжлийн ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг сэтгүүлчдийн нэр хүндийг унагадаг, хэвлэлийн хорт хавдар болсон "микрофон барьсан шантааж"-тай Ерөнхийлөгчийн Тамгын газар хэзээ ч эвлэрэхгүй. 

Бага тэнгэр дэх хаусуудыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нууц хөрөнгө хэмээн өнгөрсөн онд цацсан бичлэгийг дахин сэргээн тарааж байна. Энэ бол худлаа. Эдгээр нь хувь хүмүүсийн өмч хөрөнгө. Бусдын хувийн өмчийг зөвшөөрөлгүйгээр зарлах нь хууль бус. Тухайн өмчлөгч нь өөрөө зөвшөөрвөл тайлбарлах биз ээ. Ерөнхийлөгч болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд эдгээр хаусууд огт хамааралгүй.

Төрийн ордны хойно баригдаж буй "Андууд тауэр" гэх олон давхар барилгыг Ерөнхийлөгчийн барьж буй өмч мэтээр гүтгэсэн. Энэ нь хувийн аж ахуйн нэгжийн хөрөнгө бөгөөд Ерөнхийлөгчтэй ямар ч холбоогүй. Эдгээр бичлэгийг 2024 онд цацаж төөрөгдөл үүсгэхэд хууль хяналтын байгууллага шалгаж, эзэн холбогдогчийг нь тогтоосон. Захиалга өгсөн, төлбөр шилжүүлсэн, гүйцэтгэлийг нь хийсэн, орон байраар хангасан зэрэг 3-4 хүний харилцаа холбоог хуулийн байгууллага хөдөлшгүй баримтаар тогтоосон байдаг

Нямдаваа гэх бизнес эрхлэгч залуугийн унадаг тансаг зэрэглэлийн машинуудыг "Ерөнхийлөгчийн машин, нэр дээрээ мөнгө угаадаг" гэж гүтгэсэн. Тухайн иргэний гомдлоор энэ оны тавдугаар сард хуулийн байгууллага шалгаж, төлбөртэйгөөр худал мэдээлэл тараасан этгээдийг тогтоосон. Уг гүтгэлгийг бэлтгэж цацсан этгээд болох Хотын дарга асан Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан, "Сэлбэ дэд төв"-ийн ТУЗ-ийн гишүүн асан Г.Золзаяа нь БНХАУ руу оргон зайлж, одоо тус улсад орогнож байна

Өнөөдөр Яармагт байрлах "Юнайтед молл"-ыг "У.Хүрэлсүхийн молл, нууц хөрөнгө" гэж дахин гаргаж ирсэн байна лээ. Өдөр бүр нэг хувь хүн, аж ахуйн нэгжийн өмчийг Ерөнхийлөгчийнх мэтээр зарлаж байгаа нь төрд итгэх итгэл, ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний нэр хүндэд халдаж буй ноцтой асуудал юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчид ард түмнээсээ нууж хаах зүйл байхгүй. Хууль бус "А" лицензтэй, олигархуудтай тэмцэж ирсэн болохоос уул уурхайн лиценз, баялгийн хувь эзэмшсэн зүйл огт байхгүй. АТГ байгуулагдсан цагаас хойш төрийн албан тушаалтнууд ХОМ-ээ мэдүүлж ирсэн. Шинжээчид эх үүсвэрийг нь нарийвчлан шалгадаг.

Ерөнхийлөгч орон сууц худалдаж авсан эх үүсвэр нь өөрийн цалин, хадгаламжийн данснаас шилжсэн баримттайгаа байдаг. Мөн тансаг зэрэглэлийн амралтын газартай гэж яриад байгаа нь 'Илт хаан' компанийн 58 хувийг эзэмшдэг бөгөөд үүнийг 2017 оноос хойш ХОМ-тээ тасралтгүй мэдүүлж ирсэн. Энэ нь 10 гаруй дүнзэн байшин, 10 орчим гэртэй л амралтын газар. Энэ бүхнийг АТГ шалгаж, УИХ-ын зарим гишүүдийн шалгуулахаар өгсөн хүсэлтийн дагуу нягтлаад ямар нэгэн зөрчилгүй болохыг хуулийн дагуу тогтоосон.

Би архи амсдаггүй, тамхи татдаггүй. Архины ширээний ард А.Шинэбаяртай уулзсан асуудал байхгүй. Би түүнтэй ердөө нэг удаа уулзаж, нэг удаа утсаар ярьсан. Шинэбаяр өнгөрсөн өвөл, хавар, зуны турш баримт нотолгоогүй мэдээллээр Ерөнхийлөгч рүү удаа дараа халдсан. Би сэтгүүл зүйн зарчмаар "Баримт чинь худлаа байна, хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон асуудал шүү" гэдгийг нөхөрсгөөр олон удаа сануулсан. Би өнөөдрийг хүртэл нэг ч сэтгүүлчийг хуулийн байгууллагад өгч байгаагүй. Энэ бол сэтгүүлчийг өгч буй хэрэг биш, сэтгүүл зүйн нэр барьсан шантааж буюу гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулж буй хэрэг юм.

Хүнээс хүсэлт тавих, тусламж гуйх нь хүний ёсны асуудал. Гэтэл "Үүнийг биелүүлэхгүй бол та нарыг харлуулна, хэн ч биш болгоно" гэж тулган шаардах нь шантааж. А.Шинэбаяр нь хамгийн багадаа зургаан хүний цалин, оффисын түрээс өгөх, машин унаа сольж өгөх, зураг авалтын үнэтэй камер авч өгөх санхүүжилт шийдэх, ерөнхийлөгчийн гадаад айлчлалын бүрэлдэхүүнд заавал авч явах, хэн нэгэнд "Хөдөлмөрийн баатар" цол олгох асуудлаар тохироо хийхийг тулган шаардсан.

Төсвийн буюу нийтийн мөнгөөр цалинжиж буй надад тийм мөнгө байхгүй, боломжгүй гэдгээ хэлсэн. Гадаад айлчлалын бүрэлдэхүүнийг Ганзориг ганцаараа шийддэггүй, ҮАБЗ болон холбогдох байгууллагууд хамтарч шийддэг. Төрийн шийдвэр, цол шагналаар наймаалцах боломжгүй гэхэд 'Та нарыг жинхэнэ утгаар нь харлуулж, үхдэл болгоно' гэж сүрдүүлсэн. Мөнгө нэхсэн, тулган шаардсан холбогдох бүх нотлох баримтуудаа цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. 

Бидэнд аливаа бичлэгийг устгах, сошиал хуудсыг хаах техникийн ямар ч боломж, эрх мэдэл байхгүй. ХХЗХ ч дангаараа тийм зүйл хийх хууль зүйн боломжгүй. Мета компанийн өөрийнх нь стандартын дагуу шийдэгддэг. Харин ч 'Tovch.mn'-ийн хуудас асуудалд ороход бид ХХЗХ-той холбогдон дэмжлэг үзүүлж, сэргээлгэхэд тусалсан. Мета компани аль ч улсын Засгийн газрын дур зоргын хүсэлтээр хэвлэл мэдээллийн хуудсыг устгадаггүй. 

Төрийн ордонд өдөр тутам 500 сэтгүүлч, салбарын хэмжээнд 5,000 орчим хэвлэл мэдээллийн ажилтан мэргэжлийн ёс зүйтэйгээр ажлаа хийж байгаа. Гэтэл микрофон барьсан цөөн хэдэн шантаажчдаас болж хэвлэл мэдээллийн нэр хүнд унаж, ардчиллын амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөө сэвтэж болохгүй. Энэ хорт хавдартай хэзээ нэгэн цагт хариуцлага тооцох ёстой.

Би энэ албыг хашиж байхдаа хэзээ ч шантаажтай эвлэрч, хуйвалдаж, гар барьж явахгүй. Энэ бол миний хувийн болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын хатуу байр суурь. Цаашид ч энэхүү шантаажтай холбоотой баримтуудыг хуулийн дагуу дэлгэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.