🔴 ГАЙХАМШИГТ ТҮҮХ: БААВГАЙД БАРИУЛААД АМЬД ҮЛДСЭН ЭРИЙН ТҮҮХ

AI хөрвүүлсэн
🔴 ГАЙХАМШИГТ ТҮҮХ: БААВГАЙД БАРИУЛААД АМЬД ҮЛДСЭН ЭРИЙН ТҮҮХ

LIVE TV-ийн уран бүтээлчид одоогоос зургаан жилийн өмнө “ГАЙХАМШИГТ ТҮҮХ” нэвтрүүлгийн анхны дугаараа бэлтгэн хүргэсэн. Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн Сэлэнгийн Ононбаяр оролцсон бөгөөд тэрбээр 2000 оны өвөл нэгдүгээр сард самарт явж байх үедээ дутуу ичсэн баавгайтай халз таарч бариулсан хэдий ч амьд үлдсэн түүхээ ийнхүү ярьсан юм.

-Сайн байна уу? Та эхлээд манай үзэгчдэд өөрийгөө товчхон танилцуулаач?

-Би Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, Сэлэнгийн Ононбаяр гэж айлын ууган хүү байна. Би чинь доороо дөрвөн дүүтэй, гэрээсээ тавуулаа өссөн юм. Энэ түүх үнэхээр сонин л доо. Би 1999 онд аравдугаар ангиа төгсөөд оюутан болсон. Тухайн үед аав, ээж маань “Айлын том хүүхэд юм чинь заавал сургуульд сурч, боловсрол эзэмших ёстой” гээд ямар ч байсан сургуульд явуулж, эхний жилээ сурсан юм. Тэгээд хоёр дахь жилээс нь буюу 2001 он байсан санагдаж байна, тухайн үед самар маш их үнэд орсон. Нэг килограмм нь 2000 төгрөг гарчихсан, ерөөсөө хүн болгон л самар руу явж байлаа. Тэгээд ээжтэйгээ хамт самарч явъя гээд ээж Багануурт ирчихсэн байсан. Манай ээж, ээжийн маань эгчийн хүүхдүүд, дүү нар нь гээд гурав дөрвүүлээ, тавуулаа нэг отог болоод явна гээд Багануурт ирээд, тэндээсээ түрүүлээд явчихсан байсан юм. Тэгээд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Ар, Өвөр Өнгөлжин гэдэг газрыг даваад бүүр дээшээ явчихсан байсан.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

-Та тэгээд араас нь очсон хэрэг үү?

-Тийм. Би араас нь хичээлээсээ түр чөлөө аваад очих ёстой юм байна гээд Багануурт ирсэн. Тэндээсээ нөгөө хэдийгээ хайгаад очтол тухайн үед нөгөө самар үнэд орчихсон болохоор яг л “Нарантуул” зах шиг, уулын бэлээр битүү хүн, наймаачид шаваад дүүрчихсэн байсан. Тэгээд нөгөө хэдийгээ сурагласан чинь “Танай Биндэрийнхэн ийшээ гарсан шүү дээ” гэж байна. Би чинь нэлээн дээшээ яваад байж байгаад нөгөө хэд дээрээ очсон. Очсон чинь ээж маань, бас миний эгчийнх нь хүүхдүүд гурав дөрвүүлээ, дээрээс нь Дадал, Батширээт сумынхан гээд манай Хэнтийн хойд талын сумдынхан нийлээд 15-16-уулаа, хоёр гурван отог болчихсон байсан юм.

-Нэг отог нь хэдэн хүнтэй байсан бэ?

-Нэг отог чинь дөрөв таван хүнтэй байдаг юм. Майхныхаа багтаамжаар л даа, жижиг майхантай бол гурав дөрвүүлээ ч юм уу. Тэгээд нэг нутгийнхан болохоор хамтдаа байсан. Бид хэд тэр хавьдаа самарт хоёр гурван өдөр яваад, нэг хоёр шуудай боргоцой цохисон боловч хүн ихтэй байсан болохоор самар олдохоо больсон. Тэгээд “Ер нь цаашаа явъя” гээд ярилцлаа. Ээж бас нэг хоёр гурван хүнтэйгээ отгоо манаж үлдээд, бид нар буюу ээжийн маань ах Сэлэнгээ, мөн Содоо, Энхээ, Бат-Эрдэнийн Батухай гээд 13-14-үүлээ цаашаа давахаар явсан юм. Очсон өвөлжөөнөөсөө хоёр гурван уул даваад, өглөө эрт гараад бүр хойшоогоо Оросын хил рүү дөхсөн байх, нэлээн хол явсан. Өглөө үүрээр гараад явж байтал өдрийн 12, 01 цаг болж байсан байхгүй юу. Өвөл болохоор цас маш ихтэй, бид нар уулын хяраар л явна. Тэгэхгүй бол цас нь бэлхүүсээр татсан их тул жимээсээ л гарах юм бол явах аргагүй, нэг нь зам зүсэж засаад л цуваад явж байсан юм.

-Тэгээд замдаа амарч тухалсан уу?

-Тэгсэн, уулын өндөр нуруунаас доошоо буугаад байж байтал “Ер нь хэдүүлээ өлсөж байна, гамбир хайрч цай ууя” гэлээ. Тэр үед чинь гамбир хайрах хамгийн гол хоол байсан. Би чинь хамгийн бага нь байсан болохоор галаа түлээд, тойрч суугаад сайхан цай чанаж уусан. Цайгаа хоёр ч удаа чанаад, зарим нь савандаа аваад, гамбираа хайрч идээд нэлээн сууцгаасан юм. Би чинь хамгийн сүүлд орос бөөрөнхий төмөр тогоогоо хөргөөд, гал усаа унтрааж цэгцэлдэг хүн байхгүй юу. Би өөрөө шуудай үүрээд явж байсан болохоор шуудайн дээрээ тэр тогоогоо нэмж үүрээд араас нь хөдөллөө. Манай хэд чинь бас нэлээн дээшээ явчихсан байсан. Тэр үед би 20 орчим настай л байж, одоогоос 18-19 жилийн өмнөх явдал даа.

-Тэгээд яг яаж яваад баавгайтай халз таарчихсан юм бэ?

-Нэг уулын энгэр тэр чигээрээ үндсээрээ булгарч унасан их модон унанатай газар байсан юм. Тэр хавийг тойроод хүмүүс самар цохиод явчихсан байсан болохоор “Энэ унаныг дагаад цаашаа давбал лав самар байгаа” гэж багцаалдсан. Би араас нь гүйцээд нэлээн түрүүлээд явж байлаа. Миний яг урд манай ээжийн эгчийн хүүхэд Сэлэнгээ ах явж байсан юм. Хүмүүс нэлээн цуцаж аахилчихсан, уулын жимээр нэг нэгээрээ цуваад модон унанан дээгүүр явж байтал Сэлэнгээ ах миний урд байснаа гэнэт чимээгүйхэн доошоо үсрээд орчихдог байхгүй юу. Тэнд моднууд бие бие дээрээ давхарлаад уначихсан, сонин нүх шиг газар байсан юм.

Би яг ард нь зогсож байснаа “Хүүе, Сэлэнгээ ах аа, юу болов оо?” гээд хартал цасан дээр яг том цагаан эсгий гутлын мөр шиг пагдгар том мөрнүүд байсан. Би “Хөөе, Сэлэнгээ ах аа” гээд өнгийсөн чинь цаадах чинь “Баавгай!” гээд л модон доогуур гүйгээд явчихсан

fc630a9b2cec46f9a502a08bb417d45c

-Баавгай үүрнээсээ гарч ирсэн хэрэг үү?

-Сүүлд мэдвэл өвлийн нэг сард тэр баавгай дутуу иччихсэн байсан юм билээ. Хүн амьтан ихтэй болохоор тухтай унтаж амжаагүй, үүрнээсээ гарч ороод байж байсан шиг байгаа юм. Сэлэнгээ ахыг “Баавгай!” гээд модон доогуур гүйгээд цаашаа далд оронгуут нөгөө баавгай чинь шууд архираад дээшээ босоод ирсэн. Маш том баавгай байсан. Би чинь балмагдаад юу ч мэдэхгүй, “Баавгай!” гэж хашхирахад баавгай архираад өөдөөс босоод ирсэн болохоор би арагшаа унана дээр, яг үүрэн дээр нь уначихсан. Унахдаа харин азаар дээшээ биш, доошоо харж унасан юм билээ.

-Тэгээд юу болов?

-Гэрийн үүд, хоймрын л зайтай газар би цасанд шигдчихсэн, баавгай дээрээс дараад унасан. Модон дээрээс тэр асар их хүнд жингээрээ дарж унаад, намайг тэврээд авсан байгаа юм. Тэгээд нуруун дээрээс шуудайн уяанаас татаад сэгсэрсэн. Миний нуруунд үүрсэн байсан тэр төмөр тогоог эхлээд хазаад тавиад байсан шиг байгаа юм. Аав маань уурын зууханд ажилладаг байсан болохоор надад хуучны орос танкчны зузаан хувцас өмсүүлчихсэн байсан. Тэр зузаан хувцас, бас үүрсэн тогоо хоёр аминд орсон. Баавгай намайг гаргаж ирээд л сэгсрээд, нуруунаас хазаад, толгой дээр байсан зузаан ноосон малгайг хуулж авч сэгсрээд, өгзөг рүү соёогоороо гүн зоосон. Би ухаан алдчихсан байсан.

-Нөгөө хүмүүс чинь тусалж амжсан уу?

-Сэлэнгээ ах маань модон доогуур гүйж гараад “Хөөе, Ононбаярыг баавгай барьчихлаа, бүгдээрээ хашхираарай!” гээд орилсон байгаа юм. Тэгээд манай 13-14 хүн бүгдээрээ зэрэг бархираад хашхиралдахад хүний дуунаар баавгай цочоод уулын уруу өнхрөөд зугтчихсан байсан. Би юугаа ч мэдэхгүй ухаан ороод ирсэн чинь ээж маань нүдний өмнө цай чанаж байгаа нь үзэгдээд маш сонин болсон.

Манай хэд хэлэхдээ “Чамайг баавгай тэврээд авсан, одоо ингээд өнгөрлөө л гэж бодсон. Харин босоод ирэхэд чамайг сэгсрээд хаячихсан байсан” гэж ярьдаг. Хажууд нь байсан хүмүүс “Бид амьдралдаа ийм аймаар юм үзээгүй, зурагтаар л баавгай хардаг байсан” гээд бүгд шоконд орсон байсан

-Шарх бэртэл хэр хүнд байсан бэ, цусаа яаж тогтоосон бэ?

-Би ч өөрөө шоконд орчихсон, судсаа таслуулчихсан болохоор цус нь тогтохгүй маш их алдаж байсан. Хөвөн шатааж шархан дээрээ тавиад, боогоод л уулнаас буусан. Тэгэхэд ээж маань “Энэ хэд маань самар олдохгүй бол оройхон ирнэ дээ, миний хүү ирнэ” гээд л сэтгэлдээ зөгнөөд цайгаа чанаж байсан байгаа юм. Эх хүний зөн совин, үрийнхээ төлөө гэсэн сэтгэл гэдэг үнэхээр агуу. Тэгээд бид хэд айдас дүүрэн явсаар хамгийн эхний отог дээр харуй бүрий болж байхад ирсэн. Азаар тэнд Бэрхийн нэг эмч, сувилагч хүн таарч, спиртээр цэвэрлээд марлиар боож өгсөн. Би бүтэн шоконд орчихсон, чичрээд зүрх хаагдах гээд байсан болохоор “Талст” архи гаргаж ирэхэд нь яг л ундаа ууж байгаа юм шиг ууж байж арай гэж тайвширсан. Ээж дээрээ очиход ээж маань уйлаад л, их хэцүү байсан даа.

-Яг баавгайд бариулаад, ноцуулаад “Энд л амьдрал дуусдаг юм байна” гэх тэр агшинд хүнд юу бодогддог вэ? Танд юу бодогдсон бэ?

-Хүнд ер нь ус уух тавилан гэж байдаг юм билээ. Ээж минь надад “Миний хүү бушуухан босоод л эндээс явъя, ээж нь дахиж хүүгээ ийшээ явуулахгүй” гэж хэлж байсан. Тэгээд хэд хоног шөнө огт унтаж чадахгүй, зүүдэнд баавгай ирээд байгаа юм шиг санагдаад ээж минь намайг тэвэрч унтдаг байлаа. Удалгүй нутгийн буриадууд, анчид “Нөгөө баавгайтай барилдаад амьд гарсан Биндэрийн залуу хаана байна? Уулзъя, тэр баавгайг нь алъя” гээд буугаад ирсэн. Тэгээд намайг хараад “Баавгайд бариулаад амьд гарсан хүн тун ховор байдаг юм. Чи бол Монгол Улсын хэмжээнд хамгийн хөнгөн бэртэж амьд үлдсэн азтай залуу байна” гэж хэлсэн.

-Нөгөө тогоог анчид бас үзсэн үү?

-Тэгсэн. Анчид үзээд “Наад тогоо чинь л аминд чинь орж. Тогоог хазсан төмөр байна гэдгийг мэдрээд хазалт нь зөөлөрсөн байна. Түүнээс биш нүүрнээс чинь татаад хоёр гурав сэгсэрсэн бол чи дуусах байсан” гэсэн. Тэр төмөр тогоон дээр баавгайн сарвуу, соёоны мөр нь хөхөрч цайгаад, хөөг нь ховхлоод маш их хүчээр хазсан нь тодорхой харагдаж байсан. Хятад шар шуудай нь ч сэмэрчихсэн байсан.

Сүүлд нь анчид тэр баавгайн мөрөөр явсан чинь мөрөө тойруулж эргэлдэж байгаад дахиад нэг хоёр уул даваад, нэг хандгай барьж идээд, хүний модон отгон дотор хоноод цаашаа явчихсан байсан гэсэн

-Дараа нь нутгийн зон олон танд их тусалсан гэсэн үү?

-Тэгсэн, ард түмэн маань надад үнэхээр сайхан сэтгэлээр тусалсан. “Амьд үлдсэн нь яамай” гээд хүн болгон 500 грамм, нэг шуудай гээд самар хандивласаар байгаад миний сургалтын төлбөрийг бүрэн төлөх хэмжээний баахан самартай болгож өгсөн. “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэж үнэхээр сайхан сэтгэлтэй ард түмэн шүү. Ард түмнийхээ буянаар Багануурт очиж эмчлүүлээд, дараа нь Улаанбаатар хотод ирсэн. Тэр үед “Сэрүүлэг” сонин, “Машины зар” сонин дээр “Баавгайтай барилдаад амьд үлдсэн залуу” гээд миний тухай гарч байлаа. Аав минь намайг ирэхэд духан дээр минь үнсээд, их л удаан бодолхийлж суусан даа.

-Үнэхээр сонирхолтой түүх байна. “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэж монголчууд ярьдаг даа. Үхлийн ирмэгээс амьд үлдэж, сайхан амьдралыг туулан яваа танд амжилт хүсэж, амьдралд тань хамгийн сайн сайхан, аз жаргал бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа танд.

-Баярлалаа. Одоо ч гэсэн эргээд ярихаар сэтгэл огшоод л, намайг тэгж сэгсэрч байсан нь бодогдоод сонин болдог юм. Та бүхэнд бас их баярлалаа.

Хэн хүнд тохиолдоод байдаггүй онцгой сонин, гайхамшигт түүхээ хуваалцах гэсэн хүн бүрд манай нэвтрүүлэг нээлттэй. Та бүхэн бидэнтэй 7766-1111 дугаараар холбогдоорой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.