Монгол Улсын нэр, туг далбаа, үндэсний хувцас хэрэглэлийг дур мэдэн хэрэглэж байгааг таслан зогсоохыг шаарджээ

Монгол Улсын нэр, туг далбаа, үндэсний хувцас хэрэглэлийг дур мэдэн хэрэглэж байгааг таслан зогсоохыг шаарджээ
Монгол улсаас Тайландын хаант улсад суугаа ЭСЯ-наас “Miss Grand International-2026” тэмцээнийг зохион байгуулагчдад хандан Монгол улсын нэр, туг далбаа, үндэсний хувцас хэрэглэлийг дур мэдэн хэрэглэж байгааг таслан зогсоож, тайлбар мэдээлэл хийхийг шаарджээ
 
Энэ талаар Монгол улсаас Тайланд улсад суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ.
 
Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2026 оны 9 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 10-ны өдөр болж буй “Miss Grand International-2026” тэмцээнд гадаад улсын иргэн Монгол Улсын нэрээр оролцож байгаатай холбогдуулан Элчин сайдын яам энэ тэмцээнийг зохион байгуулж буй Miss Grand International Public Limited Company (MGI PCL) компани, энэ компанийн Гүйцэтгэх захирал Нават Исаракрайсинд албан ёсоор удаа дараа хандаад байна.
 
Чингэхдээ нэгдүгээрт, дээрх оролцогч нь Монгол Улсын иргэн биш, хоёрдугаарт, манай улсаас “Miss Grand International-2026” тэмцээнд оролцуулахаар шалгаруулж тодорхойлсон нэг ч оролцогч байхгүй тул Монгол Улсын нэр, туг далбаа, үндэсний хувцас хэрэглэлийг ийнхүү дур мэдэн хэрэглэж байгааг даруй зогсоож, шаардлагатай тайлбар, мэдэгдэл хийхийг шаардсан.
 
Зохион байгуулагчид манай талаас тавьсан шаардлагыг хүлээж авснаа мэдэгдэхийн зэрэгцээ эл оролцогчийн иргэншил, харьяаллыг баталгаажуулах, энэ хүрээнд холбогдох бичиг баримтад дотоод хяналт шалгалт хийж байгаа бөгөөд бидэнд албан ёсны дүгнэлт хариуг ирүүлнэ хэмээсэн боловч өнөөдрийг хүртэл энэ дүгнэлт хариу ирээгүй байна.
 
Тус Элчин сайдын яам асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна гэжээ.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.