ХЭҮК-ийн С.Ганзоригт сахилгын шийтгэл оногдуулна гэв

ХЭҮК-ийн С.Ганзоригт сахилгын шийтгэл оногдуулна гэв

Монгол Улсын Хүний эрхийн комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг нь Хөтөлийн "Цемент шохой" компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуягийн гомдлоор, хуулийг гуйвуулж, хэт нэг талыг барьж, "Зөв.мн" сайтад 20 сая төгрөгийн торгууль ногдуулсныг тус комиссын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс хянаад, сахилгын шийтгэл оногдуулах нь зүй хэмээн шийдвэрлэжээ. 

Энэ тухай мэдэгдэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд Н.Ганхуягаас ирсэн гомдлын тухайд С.Ганзоригт Комиссын гишүүн Г.Нарантуяагаас “Хүний эрхийн зөрчил, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зөрчил эсэхэд дүн шинжилгээ хийж танилцуулах” гэсэн чиглэлийг өгсөөр байтал танилцуулалгүй, өөрөө дур мэдэн шийдвэр гарган, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шилжүүлж шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзжээ. 

Мөн, Н.Ганхуяг нь иргэний хувиар ХЭҮК-т гомдол гаргаагүй, “...миний бие Цемент шохой компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажилладаг” гэж тодорхой бичсэн  нь нийтийн албан тушаалтанд хамаарч байгаагаа нотолсон ба тэрээр нийтийн албан тушаалтны хувьд ийм гомдол гаргах эрхгүй субьект ажээ.

Иймд С.Ганзоригийг албаны чиг үүргийг тус тус хангалтгүй хэрэгжүүлж, хариуцлага алдсан гэж дүгнээд, зохих сахилгын шийтгэл оногдуулах саналтай байгаагаа шалгалтын комисс тайландаа дурджээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.