Б.Батцэцэг сайдын хүмүүс гадаад паспорт хэвлэдэг төрийн компанийг гартаа оруулсан гэв үү

Б.Батцэцэг сайдын хүмүүс гадаад паспорт хэвлэдэг төрийн компанийг гартаа оруулсан гэв үү

Сэтгүүлч С.Будрагчаа “Нууц материалууд: Паспортын дамчин” нэвтрүүлгээрээ гадаад паспорт хэвлэдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит компанийн цаана  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг байгааг илүү ноцтой баримтуудаар дахин нотоллоо.

“Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн  51 хувийг УБЕГ, 49 хувийг  “Мигасон” компани эзэмшдэг аж. Гэтэл “Мигасон”-ных нь  захирал Н.Цэрэндолгор шууд утгаараа Б.Батцэцэгийн хүн болж таарч байна. Н.Цэрэндолгор өмнө нь Б.Батцэцэгийн хамаарал бүхий “Мөнхийн Үсэг”, “Эко Пак Монгол” зэрэг компаниудад хуульч, зөвлөхөөр ажиллаж байсан баримтыг сэтгүүлч С.Будрагчаа баримтаар харуулав. 

Н.Цэрэндолгорын хувьд Б.Батцэцэг сайдын хүү Ганбатын Соджамцын “Ви Эс Эм” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг хэвлэлүүд аль хэдийнэ дэлгэчихсэн. Ингээд харахаар энэ хүн Б.Батцэцэг сайд болоод сайдын гэр бүлтэй урт хугацаанд бизнесийн дотно харилцаатай явсаар өнөөг хүрсэн нь харагдаж байна.

 “Төрийн үнэт цаас хэвлэл” компани дахь Б.Батцэцэгийн холбоо хамаарал ингээд зогсохгүй. Монголын төр 51 хувийг нь эзэмшдэг энэ компанийн гүйцэтгэх захирлаар хүртэл өөрийн ойрын хүн Эрдэнээ овогтой Ариунгэрэлийг 2023 онд томилуулж байжээ. Э.Ариунгэрэл нь Б.Батцэцэг сайдын эзэмшдэг, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгасан “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн захирлаар ажиллаж байснаа гэнэтхэн л төрийн өмчит компанийн захирал болчихсныг сэтгүүлч С.Будрагчаа онцолж байна.

5199d826e91343189446d1043d7b616f

Сэтгүүлчийн дэлгэсэн ноцтой баримтуудаас дурдвал Үндэсний аудитын газрын 2023 оны дүгнэлтээр уг компанитай холбоотой 35.9 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн байна.

Тухайлбал, 31.5 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө бүрэн бүрдээгүй, бүртгэлд тусгагдаагүй, мөн гэрээний хэрэгжилтийг баталгаажуулаагүй байхад 102 сая төгрөг шилжүүлсэн зэрэг олон зөрчил илэрсэн аж. Үүнээс гадна 1.04 тэрбум төгрөгийг тендергүйгээр урьдчилан шилжүүлсэн, 371 сая төгрөгийг бэлнээр зарцуулсан гэх мэт ноцтой олон факт аудитын дүгнэлтэд шил дарж байна.

Өөр нэг ноцтой баримт бол 12.299 ширхэг гадаад паспортын бэлдэцийг “гологдол” хэмээн устгасан явдал. Үйлдвэрлэлийн явцад гологдол гарах нь байж болох үзэгдэл. Гэхдээ бүхэл бүтэн 12 мянга гэдэг бол хэвийн бус өндөр тоо. Сэтгүүлч С.Будрагчаа энэ тухай “Үүний цаана гадаад паспортыг устгал нэрээр гадны иргэдэд арай өгчихөөгүй байгаа. Тагнуул, Үндэсний аюулгүй байдлын газар энэ асуудлыг анхааралдаа аваарай” гэсэн утгатай ноцтой үг унагаж байна. 

“Төрийн үнэт цаас хэвлэл” компани дахь Б.Батцэцэг сайдын хүмүүсийн дураараа дургилт үүнээс ч ноцтой кейсээр үргэлжилнэ.  Э.Ариунгэрэл нь дур мэдээд ямар ч тендэр зарлахгүйгүйгээр  албан ёсны офиссгүй, ямар ч түүхгүй, “Алтай” хотхоны хувийн айлын хаяг дээр бүртгэлтэй “Жордан топпен трейд” компани руу гадаад паспортын  бэлдэц худалдаж авах зардал гээд 24 тэрбумын шууд худалдан авалт хийчихсэн нь мөн л баримтаар нотлогдож буй. Ямар ч түүхгүй “Жордан Топпен Трейд” гээч компанийн захирал Баярсайхан овогтой Сувдмаа нь мөн л Батцэцэг сайдын хамаарал бүхий буюу сайдын хүү Г.Содномжамцын үүсгэн байгуулсан “Ви Эс Эм” компанийн хувьцаа эзэмшигч байжээ. Шуудхан хэлэхэд Б.Батцэцэг сайдын шууд хамаарал бүхий хүмүүст “базуулсан” төрийн өмчит “Төрийн үнэт цаас хэвлэл” компани 24 тэрбум төгрөгийн худалдан авалтыг мөн л Батцэцэг сайдын хамаарал бүхий “Жордан топпен трейд” компанитай хийсэн болж таарч байна.

Сайдын өндөр оролцоотой байх өндөр магадлалтай бас нэгэн ноцтой баримтыг сануулъя. “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн 49 хувийг эзэмшигч “Мигасон”-ы захирал Н.Цэрэндолгор УБЕГ-аас 2025 оын 4-р сард зарласан 22 тэрбум төгрөгийн худалдан авалтын тендерийг хүчээр зогсоож, “ганцхан манайх энэ тендерийг авах ёстой” хэмээсэн баримт ил болоод байна.

Бүр тодруулж хэлбэл 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УБЕГ-ынхан “Үндэсний гадаад паспортын бэлдэц худалдан авах тухай” 22.933.327.500 төгрөгийн төсөвт өртөгтэй нээлттэй дуудлага худалдааг албан ёсоор зарлажээ. УБЕГ-ынхан ажлаа явуулж байтал  “Мигасон” ХХК-ийн захирал Н.Цэрэндолгор 2025 оны 05 дугаар 16-ний өдөр 1/23 дугаартай албан бичгийг Сангийн яам руу явуулсан аж. Уг бичиг нь тун балмад, онцгой түрэмгий агуулгатай. “Төрийн үнэт цаас хэвлэл компани  бол гадаад паспорт хэвлэх зорилгоор байгуулагдсан. Манай компанийн хийх ёстой ажлыг нээлттэй дуудлага худалдаагаар зарлана гэдэг байж болохгүй зүйл. Тиймээс тендерээ таслан зогсоо” гэсэн агуулгатай бичиг  Н.Цэрэндолгороос Сангийн яаманд очсон даруй 22 тэрбумаар үнэлэгдэх тендерийн сонгон шалгаруулалт гэнэтхэн зогсчихжээ.

Сайдын хамаарал бүхий ганц компанийн захирал Сангийн яам руу бичиг явуулаад хэдэн арван тэрбумын тендерийн сонгон шалгаруулалтыг зогсоож байна гээд уншигч та төсөөл дөө. Үүнээс ч ноцтой олон баримтыг сэтгүүлч С.Будрагчаа дэлгэсэн болохыг та бүхэн ЭНЭХҮҮ нэвтрүүлгээс үзнэ үү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.