Монгол, Солонгосын “алтан үе”: Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлалын стратегийн өв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны энэ сарын эхээр Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын харилцаанд шинэ шат нээсэн үйл явдал болсон юм. Энэхүү айлчлалын ач холбогдол, цаашдын боломжийн талаар БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн профессор, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, БНСУ-ын Монгол судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Сун Бён Гү нэгэн сонирхолтой нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна.
Тэрээр Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааг зөвхөн ашигт малтмалын салбараар хязгаарлахгүйгээр бүс нутгийн аюулгүй байдал, ногоон хөгжил, дижитал шилжилт, боловсрол, хүмүүнлэгийн солилцооны хүрээнд өргөжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
АНУ, БНХАУ-ын стратегийн өрсөлдөөн ширүүсэж, байгалийн баялгийн үндсэрхэг бодлого дэлхий дахинд хүчээ авч буй өнөө үед төрийн тэргүүнүүдийн дипломат ажиллагаа улс орнуудын оршин тогтнол, хөгжлийн хувь заяаг тодорхойлох хэмжээнд хүрээд байна. Ийм нөхцөлд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны өнгөрсөн долдугаар сарын 9-11-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын төрийн тэргүүний түвшний уулзалт 15 жилийн дараа дахин зохион байгуулагдсан онцгой үйл явдал байлаа.
Энэ айлчлал нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ шинэчлэн бүрэлдэж буй цаг үед эрдэс баялгийн аюулгүй байдлаа хангах шинэ гарцыг нээж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг илүү тогтолцоотой болгох эхлэлийг тавьсан чанарын шинэ шатны үйл явдал болсон гэж үзэж байна. Хоёр улсын төрийн тэргүүний хамтран тунхагласан “Монгол, БНСУ-ын харилцааны алтан үеийн хамтарсан тунхаглал” нь хоёр орны харилцааг цаашид иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх чухал хөшүүрэг болох юм.
Энэ удаагийн төрийн айлчлал нь 2011 оноос хойш удаан хугацаанд тасалдаад байсан төрийн тэргүүний айлчлалыг сэргээснээр хоёр улсын өндөр түвшний дипломат харилцаа бүрэн хэвийн болсныг дотоод, гадаадын олон нийтэд тодорхой харууллаа. Ерөнхийлөгч И Жэ Мён Монголын үндэсний бахархал болсон, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд бүртгэгдсэн Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор уригдан оролцсон БНСУ-ын анхны төрийн тэргүүн болсон нь энэхүү айлчлалын онцлох үйл явдал байв. Наадмын үеэр хоёр улсын төрийн тэргүүний харуулсан дотно, нөхөрсөг харилцаа нь энгийн дипломат ёслолын хүрээнээс давсан утга агуулгыг илэрхийлсэн юм.
Ийнхүү онцгой хүндэтгэл үзүүлсэн нь Монголын төр, ард түмэн БНСУ-ыг стратегийн түншийн хувьд өндөр итгэлтэйгээр үнэлж, онцгой байр суурь эзлүүлж буйн тод илрэл гэж үзэх үндэслэлтэй. Тал нутгийн ард түмэнтэй тогтоосон энэхүү сэтгэл зүйн ойр дотно холбоо нь дипломат үг хэллэгээс хальж, ирээдүйд олон улсын нөхцөл байдал хэчнээн өөрчлөгдсөн ч хоёр улсын хамтын ажиллагааг тогтвортой хадгалах үнэт хөрөнгө, бат бөх суурь болж чадна.
Өнөөдөр БНСУ-ын эдийн засгийн өмнө тулгамдаж буй хамгийн том сорилтын нэг нь нийлүүлэлтийн сүлжээний хэт төвлөрлийг сааруулж, олон эх үүсвэртэй болгох явдал бөгөөд нөгөө нь технологийн ноёрхлын төлөөх өрсөлдөөнд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд эрдэс баялгийн аюулгүй байдлаа баталгаажуулах асуудал юм. Дэвшилтэт хагас дамжуулагч, хоёрдогч батарей, цахилгаан автомашин зэрэг ирээдүйн үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлж буй БНСУ-ын хувьд стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын тогтвортой нийлүүлэлт нь улс орны эдийн засгийн амин судас билээ. Энэ өнцгөөс харвал Монгол Улсын стратегийн үнэ цэнэ юутай ч зүйрлэшгүй өндөр юм.
Энэ удаагийн төрийн айлчлалаас гарсан хамгийн бодит бөгөөд хамгийн үнэ цэнтэй үр дүн нь Монголын стратегийн ашигт малтмал, газрын ховор элементийн нийлүүлэлтийн хамтын ажиллагааг институцийн түвшинд баталгаажуулсан явдал мөн. Тодорхой улс орнуудын нөөц баялгийг дангаар ноёрхох, түүнийг улс төрийн хэрэгсэл болгон ашиглах эрсдэлийн эсрэг БНСУ Евразийн төв хэсэгт бие даасан, тогтвортой нийлүүлэлтийн шинэ түшиц газрыг бий болгож чадсан нь үндэсний үйлдвэрлэлийн ирээдүйн өрсөлдөх чадварыг шинэ түвшинд гаргах стратегийн ололт юм.
Монголын хувьд ч энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн түүхий эд экспортлогч орон хэвээр үлдэх бус, БНСУ-ын дэлхийд тэргүүлэх баяжуулалт, боловсруулалтын технологи, дэд бүтэцтэй уялдан өндөр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, хоёр улсад харилцан ашигтай, урт хугацааны эдийн засгийн шинэ загварын үндэс тавигдаж байна.
Геополитикийн огтлолцол дахь Монголын үнэ цэнэ
Дипломат бодлого, аюулгүй байдлын үүднээс авч үзвэл Монгол Улс геополитикийн хувьд онцгой бөгөөд чухал байр суурь эзэлдэг. Хэдийгээр Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог далайд гарцгүй орон боловч Умард болон Өмнөд Солонгостой түүхэн туршид тогтвортой дипломат харилцаагаа хадгалж ирсэн цөөн зуучлагч орны нэг юм.
Ялангуяа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, энх тайвныг тогтоох асуудлаарх олон улсын хэлэлцүүлэгт Монгол Улс БНСУ-ын байр суурийг тууштай дэмжсээр ирсэн. Мөн Монголын Засгийн газрын санаачлан хэрэгжүүлдэг олон талт аюулгүй байдлын механизм болох "Улаанбаатарын яриа хэлэлцээ" нь Умард Солонгосыг хэлэлцээний ширээний ард авчрах дипломат чухал суваг болох боломжтой үнэт хөрөнгө хэвээр байна.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён нар Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсгээс ангид байлгах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх байр сууриа дахин нотолж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын яриа хэлэлцээний механизмыг цаашид илүү идэвхтэй хөгжүүлэхээр санал нэгдсэн нь геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой үйл явдал байлаа.
Умард Солонгос, ОХУ-ын харилцаа улам ойртож, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж буй өнөө үед Монгол Улсыг стратегийн дипломат зангилаа болгон ашиглаж, олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь энэхүү төрийн айлчлалын бас нэгэн чухал ололт болсон юм.
"Алтан үе"-ийг бодит үр дүнгээр баталгаажуулах нь
Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь эдийн засгийн бодит ашиг сонирхолд тулгуурласан дипломат ажиллагаа, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, соёлын эв нэгдлийг нэгэн зэрэг уялдуулж чадсан амжилттай айлчлал байлаа. Өөрөөр хэлбэл, баялгийн дипломат бодлого, Солонгосын хойгийн энх тайвны төлөөх хамтын ажиллагаа, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцсон соёлын дипломат ажиллагаа гэсэн гурван тулгуур чиглэлийг нэгэн дор хэрэгжүүлж чадсан юм.
Гэвч дипломат тунхаглал гаргах нь өөрөө эцсийн зорилго биш. Харин эхэлсэн "алтан үе"-ийг бодит үр дүнгээр дүүргэж, тохиролцоонуудыг ажил хэрэг болгох нь илүү чухал юм. Цаашдын Монгол, БНСУ-ын харилцаа зөвхөн ашигт малтмалын хамтын ажиллагаагаар хязгаарлагдах бус, илүү өргөн хүрээтэй шинэ шатны хамтын ажиллагаанд шилжих шаардлагатай байна.
Үүний тулд дараах бодит ажлуудыг хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Нэгдүгээрт, ногоон эрчим хүчний түншлэлийг иж бүрэн өргөжүүлэх шаардлагатай. Цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаанаас гадна салхи, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг байгуулах ажилд БНСУ-ын компаниуд идэвхтэй оролцож, Евразийн ногоон эрчим хүчний хөгжлийг хамтдаа манлайлах боломжтой.
Хоёрдугаарт, дижитал хүний нөөц бэлтгэх тогтолцоог бий болгох нь чухал. БНСУ-ын мэдээлэл, харилцаа холбооны технологи, хиймэл оюун ухаан, программ хангамжийн туршлага, дэд бүтцийг Монголд нутагшуулж, Монголын залуусыг ирээдүйн дижитал боловсон хүчин болгон бэлтгэх институцийн платформыг бүрдүүлэх шаардлагатай.
Гуравдугаарт, Евразийн ложистик, нийлүүлэлтийн сүлжээний дэд бүтцийг шинэчлэх хэрэгтэй. Монголын төмөр зам, авто зам, иргэний нисэхийн дэд бүтцийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлснээр Монгол Улсын гадаад зах зээлд хүрэх боломжийг өргөжүүлж, БНСУ-ын хувьд Евразийг холбосон хуурай замын шинэ гарцыг бий болгох боломж нээгдэнэ.
Дөрөвдүгээрт, боловсрол, шинжлэх ухаан, соёлын тогтвортой хамтын ажиллагааг институцийн түвшинд бэхжүүлэх шаардлагатай. Их, дээд сургуулиудын хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлж, эрдэмтэн судлаач, оюутан, залуучуудын солилцоог идэвхжүүлэх замаар хоёр улсын түншлэлийн суурийг улам бататгах учиртай.
БНСУ Монголыг "Хөх тэнгэрийн орон", харин Монголчууд Солонгосыг "Солонгын орон" хэмээн нэрлэдэг. Энэ нь хоёр ард түмний харилцан итгэлцэл, нөхөрлөлийн тод илэрхийлэл юм. Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал энэхүү найрсаг харилцаанд шинэ эрч хүч өгсөн чухал үйл явдал боллоо.
Одоо бидний өмнө тулгарч буй зорилт бол дипломат тунхаглалуудаа бодит хууль эрх зүйн механизм, тогтвортой институцийн тогтолцоо болгон хэрэгжүүлж, цаашлаад хувийн хэвшил, иргэдийн санаачилга дээр тулгуурласан бүтээлч хамтын ажиллагаагаар баяжуулах явдал юм.
Монголын өргөн уудам тал нутгийн боломж, БНСУ-ын дэвшилтэт технологийн давуу тал хоёр араа шүд мэт төгс хоршин ажиллаж чадвал Монгол, БНСУ-ын харилцаа зөвхөн хоёр улсын хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй, харин Зүүн хойд Азийн энх тайван, хамтын хөгжил, бүс нутгийн тогтвортой байдлыг тэтгэх бодит хүч, шинэ тулгуур төв болон хөгжих бүрэн боломжтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.