Инфляц 10.1 хувьд хүрч, үнийн дарамт үргэлжилсээр байна

Инфляц 10.1 хувьд хүрч, үнийн дарамт үргэлжилсээр байна

Үндэсний статистикийн хорооны (ҮСХ) 2026 оны дөрөвдүгээр сарын мэдээгээр Монгол Улсын жилийн инфляц 10.1 хувь хүрч, өмнөх сараас 2.7 нэгж хувиар огцом өссөн нь Монголбанкны дунд хугацааны зорилтот түвшин болох 6±2 нэгж хувийн хязгаарыг давж гарчээ. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн инфляц 19.7 хувь, мах, боловсруулсан бүтээгдэхүүний бөөний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 орчим хувиар өссөн нь өнөөгийн үнийн дарамтыг хөдөлгөж буй гол хүчин болж байгаа юм. Энэ талаар Эдийн засагч, доктор Б.Энх-Амгалан дүн шинжилгээ хийжээ. 

Эдийн засагч, доктор Б.Энх-Амгалан: 

-ҮСХ-ны 2024.01-2026.04 хүртэлх ХҮИ-ийн сарын мэдээ, Нийслэлийн хүнсний гол нэрийн бараа, шатахууны долоо хоногийн үнийн мэдээ, Ойрх Дорнодын Ормузын хоолой дахь геополитикийн шинэ нөхцөл байдал болон онлайн мэдээллийн сувгуудаар гарсан махны үнийн талаарх мэдээллийг нэгтгэн дүгнэхэд орон сууц, түлшний бүлгийн инфляц 2025 оны намраас 2026 эхэн хүртэл 20 орчим хувь байснаа 1.3-2.0 хувь болж буурсан нь 2024 оны цахилгаан, дулааны тарифын өсөлтийн суурийн нөлөө арилснаар тайлбарлагдана. Гэвч хүнсний инфляц 2025 оны зуны 5.6 хувиас 2026 оны дөрөвдүгээр сард 19.7 хувь хүрч 3.5 дахин өссөн нь нийт ерөнхий индексийг дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүргэсэн гол шалтгаан болсон. 

Харин гадаад хүчин зүйлсийн нөлөөллийн гол шалтгаан нь Ормузын хоолой ба түлшний үнийн шок. Дэлхийн нефтийн худалдааны ойролцоогоор 20 хувь, шингэрүүлсэн хийн (LNG) худалдааны 25 орчим хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолой нь АНУ-Ираны цэргийн ажиллагааны улмаас хаагдаад байгаа. Иран улсын хувьд уг хоолойтой холбоотой менежментийн байгууллага байгуулсан бол АНУ-ын зүгээс Ираны боомт болон тус улсын далбаатай хөлгүүдийг зорчуулахгүй байхаар хаалт хийгээд байгаа. Хэдийгээр дөрөвдүгээр сараас эхэлсэн гал зогсоох гэрээ хүчинтэй байгаа боловч хоолойг бүрэн нээх, бүслэлтийг цуцлах албан ёсны хэлэлцээ эцэслээгүй байна.

Ормузын хоолой хаагдсанаас үүдэн Brent маркийн нефтийн үнэ нэг баррель нь 100 ам.доллароос давсан үе олон удаа давтагдаж байгаа. Нефтийн болон хийн тээврийн хөлөг онгоцууд Панамын суваг, Африкаар дамжин тойруу замаар явахад хүрснээр ачаа тээврийн болон даатгалын зардал нэмэгдсэн. Монгол Улсын шатахууны импортын 95 хувь нь ОХУ-аас хийгддэг ч олон улсад үүсэж буй үйл явдал нь дотоодод шууд бусаар нөлөөлж, шатахууны үнэ хэдийн өссөн. Дайн эхэлснээс хойш АИ-95 авто бензиний үнэ 433 төгрөгөөр өссөн бол, АИ-92 авто бензиний үнэд өөрчлөлт ороогүй. Мөн дизель түлшний үнэ 1200 төгрөгөөр өсөж, 4335 төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.1 хувиар өслөө. Энэ өсөлт нь инфляцад тээвэр, үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлснээр инфляцад дам байдлаар хүчтэй нөлөөлдөг. Учир нь Монгол Улсын ачаа тээврийн 90 гаруй хувь, хөдөө аж ахуйн механикжуулалт, барилгын зориулалтын тоног төхөөрөмжийн ажиллагаа зэрэг нь дизелиэс шууд хамаарна.

Дизель түлшний нэг литрийн үнэ 1,200 төгрөгөөр өсөх нь тээврийн нэг тонн-км тутамд зардал 6–9 хувиар нэмэгдэж, цаашлаад хүнс, барилгын материал, хэрэглээний барааны өртгийн өсөлтөөр дамжин инфляцад нөлөөлдөг.

Мөн Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа байдал дэлхийн зах зээл дэх нүүрсний уналттай холбоотойгоор 2025 оны нүүрсний экспортын орлого буурсан нь төгрөгийн ханшид тодорхой хэмжээний дарамт үзүүлж төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2024-2026 онуудад 5-9 хувиар суларсан нь импортын барааны үнийг бүхэлд нь дээшлүүлж байна. 

Махны үнэ нь Монгол Улсын ХҮИ-ийн сагсны 8-10 хувийг бүрдүүлдэг ч иргэдийн инфляцын төсөөлөлд хамгийн их нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн. Махны үнийн өсөлт нь 2024 оны зудын улмаас 9.4 сая толгой мал хорогдсон ба зарим аймагт мал тоо толгой 30 гаруй хувиар буурсан. Махны нөхөн үйлдвэрлэлийн энэ нөхцөл байдал 2025 оны намраас үнэд нөлөөгөө үзүүлж эхэлсэн. 2026 оны хавар-зуны мах нөөцлөлтийн улирлаар үнийн өсөлт хамгийн өндөр түвшинд хүрсэн нь дотоодын хүчин зүйлсийн нөлөөг харуулж байна. 

Махны бүх төрлийн үнэ 30–57 хувиар өссөн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр өсөлт юм. Энэхүү 50 хувийн өсөлт нь суурь инфляцыг түр зуурын шок биш бүтцийн өөрчлөлт бүхий шинж чанарт оруулж байгааг харуулж байна. Талхны үнийн өсөлт гурилынхаас илүү байгаа нь шатахуун, эрчим хүчний зардлын өсөлт хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж буйг илэрхийлж байна.

Зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний үнэ 10.4 хувь, боловсролын үйлчилгээний үнэ 12.8 хувиар өссөн бол даатгал, санхүүгийн үйлчилгээний инфляц 17 хувьд хүрсэн нь нийт үнийн түвшинд дарамт үзүүлж байна. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг өмнөх жилүүдэд нэмэгдүүлсэн нь хэрэглээний эрэлтийг өсгөж, инфляцад нөлөөлсөн.

Монголбанк өнгөрсөн жилүүдэд бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр инфляцыг тодорхой хэмжээнд тогтворжуулсан ч өнөөгийн үнийн өсөлтийн гол шалтгаан нь мах, шатахуун, ургамлын тос зэрэг нийлүүлэлтийн хүчин зүйлс байгаа тул мөнгөний бодлого дангаараа асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байна. Бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх нь аж ахуйн нэгжүүдийн зардлыг өсгөж, иргэдийн зээлийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Иймээс төв банк бодлогын хүүгээ одоогийн түвшинд хадгалж, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг дэмжих арга хэмжээг үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Оны хоёрдугаар хагаст хүнсний нийлүүлэлт сайжирч, гадаад зах зээлийн нөхцөл тогтворжвол инфляц 8.5-10 хувийн түвшинд хадгалагдах боломжтой гэж тооцоолжсон. Харин 2027 онд нөхцөл байдал эерэгээр үргэлжилбэл инфляцыг 6-7 хувийн зорилтот түвшинд бууруулах боломжтой. Судалгаанаас харахад Монгол Улсын инфляцын гол сорилт нь гадаад хүчин зүйлээс гадна дотоодын бүтцийн эмзэг байдалтай холбоотой байна.

Импортын хараат байдал, хүнсний хангамжийн тогтолцооны сул тал, түлшний нийлүүлэлтийн эрсдэл зэрэг нь үнийн өсөлтийг тогтмол өдөөж байгаа юм. Иймээс инфляцыг богино хугацаанд бууруулахаас гадна дотоод үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, стратегийн хүнсний нөөцийг өргөтгөх, салбар хоорондын бодлогын уялдааг сайжруулах зэрэг урт хугацааны бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.